ЮНЕСКО-ийн Соёлын салбарын хурлыг 2023 онд Улаанбаатарт зохион байгуулах санаачилга гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-09 08:56:37
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Ханыг Соёлын сайд Ч.Номин 10 дугаар сарын 8-нд хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа–2050” болон Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг чухалчлан авч үзэж байгааг дурдаад, соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.


Монгол Улс цаашдаа ч соёлын биет болон биет бус өвийг хамгаалахад ЮНЕСКО-той үргэлжлүүлэн хамтран ажиллаж, хүн төрөлхтний соёлын ололт амжилтаас хуваалцаж, мөн хувь нэмрээ оруулна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Мөн Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-ийн хооронд шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт туссан үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд ЮНЕСКО-ийн Соёлын салбарын олон улсын хурлыг 2023 онд Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулахад бодит хувь нэмэр оруулна хэмээн үзэж Монгол Улсын соёл, урлагийн салбарын томоохон төлөөлөл болсон уран бүтээлчдийг ЮНЕСКО-гийн Сайн үйлсийн Элч (UNESCO Goodwill Ambassador)-ээр томилох санаачилгыг гарган ажиллаж байгааг дурдаж энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.


ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан нүүдэлчин соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, соёлын салбарт тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлт нь бүс нутгийн хэмжээнд өндрөөр үнэлэгдэж байгааг дурдаад Монгол Улсын Соёлын яамны зүгээс хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр дэвшүүлж буй санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.


Холбоотой мэдээ