ӨВӨРХАНГАЙ: Сумдын номын санчдад иж бүрэн компьютер гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-04 16:54:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Австралийн Элчин сайдын яам, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоо хамтран орон нутгийн номын сангийн хөгжлийг дэмжих “Хил хязгааргүй номын сан” төслийг хэрэгжүүлж байна. 


Төслийн нээлт Өвөрхангай аймагт боллоо. Уг хөтөлбөрийн ажилтан Х.Өрнөх тэргүүтэй хүмүүс аймгийн Номын сантай хамтран ажиллаж, сумдын болон сургуулийн номын санчдад сургалт явуулж байгаа юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж Соёлын яамны 30 гаруй сая төгрөгийн дэмжлэгтэй олгож буй, номын сангийн программ хангамжийг суулгасан иж бүрэн компьютерийг номын санчдад гардууллаа.

“Хил хязгааргүй номын сан” төслийг хэрэгжүүлснээр орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, номын санчдыг чадавхжуулах, технологийн дэвшлийг нэвтрүүлж, шинэ түвшинд хүргэх боломж бий болно.

Энэ жилийн тухайд Өвөрхангай аймаг улсын болон орон нутгийн 100 гаруй сая төгрөгийн төсвөөр номын сангуудад шинэ номын баяжилт хийгээд байна. 

Холбоотой мэдээ