ХЭНТИЙ: Зүүн бүсийг төмс, хүнсний ногоогоор хангагч гол аймаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-03 13:18:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнсний аюулгүй байдлыг хангах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, хөдөлгөөний хүрээнд Хэнтий аймаг төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ 5 жилийн хугацаанд бүрэн хангах зорилт тавиад байна. Улмаар зүүн бүсийн гол ханган нийлүүлэгч аймаг болохоор төлөвлөжээ. Энэ талаар болон цаг үеийн ажлын талаар тус аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай ярилцлаа.


-Хэнтий аймаг “Монгол ногоо”, “Монгол төмс” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Цар тахлаас хойш тариалалт хэр хийж байна?  Хүнсний хувьсгалын хүрээнд ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-Манай аймаг Хэрлэнгийн, Мөрөнгийн гэсэн хүнсний ногооны хоёр том талбайтай. Хэрлэнгийн ногооны талбай дээр энэ жил АХБ-ны төслийн санхүүжилтээр 700 га-д усалгааны систем ажиллуулахаар бэлдэж байгаа. Ингэснээр аймаг төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ зуун хувь хангах юм. Улмаар дээрх нөхцөл байдлыг бүрэн ашиглаж чадвал цаашид зүүн бүсийг хангах аймаг болох боломж байгаа. Энэ тал дээр нэлээн анхаарч ажиллаж байна.


Ковидын өмнө “Монгол ногоо”, “Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногоо тарих айл өрх болон хүлэмжийн аж ахуй эрхлэх ААН-ийн тоо жилээс жилд нэмэгдэж ирсэн. Гол нь зоорь, агуулахын асуудал гарсаар байна. Ногоогоо хадгалах байр савгүйгээс ногоочид олон сараар худалдаж чадахгүй, хямд үнээр зарж байна. Тиймээс манай аймаг эрүүл хүнс, хүнсний хувьсгалын санаачилга хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчид хандан “Мянган тоннын зоорь” төслийн саналаа тавиад байгаа. Төрийн тэргүүний хувьд хүнсний аюулгүй байдал дээр тулгуурлан УИХ руу 1.8 их наяд төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр оруулсныг хүн бүр мэднэ. Төсөл урт хугацаанд хэрэгжих тул аймаг, орон нутаг руу тодорхой хэмжээний мөнгө шилжих байх. 


-“Тэрбум мод” хөдөлгөөн хэр хэрэгжиж байна?

-Манайх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны төсөв дээр нэг тэрбум төгрөг тавьж хэрэгжилтийг эхэлсэн. Манай аймаг 2030 он хүртэл 30 сая мод тарих учир юуны өмнө үрсэлгээ, тарьц суулгац дээр анхаарч ойн ангиудын үйл ажиллагааг чадавхжуулах, мод тарих газар талбайг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах үүднээс ийнхүү гол мөнгөө төсөвт тавьж өгсөн.


Хөдөлгөөний хүрээнд энэ жил 400 мянган мод тарихаас 300 мянгыг хавар тарьсан, үлдэх хэсгийг одоо энэ намрын мод тарилтаар гүйцээх гэж байна. Энэ жил аймгийн хэмжээнд 1.5 сая тарьц суулгац бэлдээд байна. Тарьц суулгац нэмэгдэхийн хэрээр бид мод тарилтаа өсгөөд явна. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр зэрэг уул уурхайн компаниудтай хамтарч ажиллаж байна. Мөн “MCS” компани манай аймагт 30 сая мод нэмж тарьж өгөхөөр болсон. Үүний ихэнх хувийг ойн сэргээлт дээр хийнэ. Үүгээр тооцохоор  аймаг “Тэрбум мод” хөдөлгөөнөөр ААН-үүдтэй хамтраад 60-70 сая мод тарихаар болоод байна.


-Ирэх жилийн төсвийн хүрээнд аймагт юу юу хийхээр төлөвлөж байгаа вэ? Өнгөрсөн жил танайх хамгийн их төсөв батлуулсан байгаа. Ялангуяа аялал жуулчлал дээр. Хэрэгжилт хэр байгаа вэ?

-Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн барилгын материалын үнэ ханш өссөнтэй холбоотойгоор бүтээн байгуулалтын ажлууд зогсонги байдалд орсон. Тиймээс бид ирэх онд аймгийн хэмжээнд хийх бүх бүтээн байгуулалтын ажлаа дуусгаж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр нь өнгөрсөн жил хэрэгжээгүй хөрөнгө оруулалтууд юм. Бүтээн байгуулалтуудын зураг төслийг бүгдийг нь гүйцэтгэх ААН-үүдээс татаж аваад тендерүүд бүгд 100 хувь зарлагдан бэлэн болсон. Худалдан авалтыг нээлттэй, ил тод болгосон. Сангийн яам болон бусад салбарын яамдтай ярилцаж хамтарч төсөвт суулгаад байна. Хэрэв төсөв маань батлагдвал гацсан бүх зүйлээ 2023 онд сэргээн хийх боломжтой болно.


Гэхдээ нөгөө талаар аймгийн төсөв ирэх жил тасалдах нэг байдал үүсээд байгаа. Төсвийн шинэчилсэн хуулиар Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр ААН-ийн албан татварын 40 хувиар аймгийн төсвийг бүрдүүлэх учиртай юм. Тус үйлдвэр 350 мянган тонн баяжмал гаргахаар бэлэн байгаа боловч хил, гаалийн хязгаарлалт, хориг,  төмөр замын тээвэрлэлт гацсан зэргээс болж жоншоо экспортод гаргаж чадахгүй байдалтай байгаа. Тодруулж хэлбэл, төсөв дээр 8.5 тэрбум төгрөг суулгаснаас аймаг 4 тэрбум төгрөгөө авсан. Үлдэх 4.5 тэрбум төгрөгийг сүүлийн хагас жилд авч чадахгүй байдалтай байгаа. Үүнээс бол аймгийн төсөв тасалдаж магадгүй байдалтай байна.  


Аялал жуулчлалын чиглэлээр 6 цогцолбор барьж байгаа. “Андлалын өргөө”-г барьж байгаа. Гадна талаасаа тохижолт хараахан дуусаагүй байна. “Шихихутаг” цогцолборын бүтээн байгуулалт 75 хувьтай байгаа. “Тэнгэрийн андгай” хөшөө баригдсан. Эдгээр нь аймгийн гол салбар аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс гадаад, дотоодын аялагч, жуулчдыг татах хол, ойрын зорилготой юм. 


Яг цогцолборуудын хувьд 68 тэрбум төгрөг зарцуулж байгаа, тэрийгээ дагаад авто зам, эрчим хүч гээд дэд бүтцэд хөрөнгө оруулалт орж байгаа. Гол нь аялал жуулчлалаа дагаад сумдын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч байна. 2018 онд манай аймагт 4-хөн сум төвлөрсөн дулаантай байсан бол одоо аймгийн нийт 18 сум ийм болсон байгаа. Энэ жил 7 суманд цэвэрлэх байгууламж барьж байгаа. 


Аймгийн төсөвт энэ жил 215.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан. Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгосонтой холбоотойгоор сумдад аялал жуулчлалын маршрутын дагуу дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор дээрх хэмжээний төсвийг тавьсан юм. Жаргалтхаан сумын чиглэлд 55 км зам тавих бол аймгийн төвөөс  Бэрх тосгон руу 70 км зам тавьж ашиглалтад ороод байна. Цааш нь 100 км үргэлжлэх юм. Улсаас татаас авдаг аймгийн хувьд аялал жуулчлалын салбараас тодорхой хэмжээний төсөв бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Холбоотой мэдээ