ХӨВСГӨЛ: Үзэсгэлэнд 300 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-30 10:03:32

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймаг 2022 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Нэрлэсэн жилийн хүрээнд орон нутагтаа үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, алдаршуулах, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Намрын өнгө хөдөлмөрийн шим” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.



Үзэсгэлэн худалдаанд тус аймгийн 22 сум, 1 тосгоноос 300 гаруй иргэн, аж ахуй нэгж, байгууллага оролцож байна. Тухайлбал Мөрөн сумаас 60 гаруй иргэн, аж ахуйн нэгж гар урлал, хүнсний ногоо, оёмол бүтээгдэхүүн, модон эдлэл, сүү цагаан идээ, эсгий урлал, бэлэг дурсгал гээд 380 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.



Энэ жил үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг аймгийн шилдэг бүтээгдэхүүн, орон нутгийн онцлогийг харуулсан шилдэг бүтээгдэхүүн, шилдэг технологитой бүтээгдэхүүн, импортыг орлох бүтээгдэхүүн, шилдэг зохион байгуулалттай сум, шилдэг үйлдвэрлэгч сум, шилдэг хоршоо, бүлэг, баялаг бүтээгч өрх, шилдэг газар тариалан эрхлэгч, шилдэг гар урлал болон оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч зэрэг төрлөөр шалгаруулах аж. Үзэсгэлэн худалдаа Мөрөн сумын Чингүнжавын талбайд  2 өдөр үргэлжилнэ.

 

 

 

 

Холбоотой мэдээ