Америкийн усанд сэлэгчдийг Бразилаас гарахыг хоригложээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-18 14:02:23

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Риогийн Олимпын наадмаас алтан медаль хүртсэн Америкийн усанд сэлэлтийн тамирчдыг Бразилаас гарахыг шүүх хоригложээ. Учир нь “бидэнд буу тулган дээрэмдсэн” гэсэн эдгээр тамирчны мэдэгдлийн дагуу Рио-де-Жанейрогийн цагдаа нар мөрдөн шалгалт явуулж байна.

Райан Лохте болон түүний багийн хамтрагчид Бразилаас гарахгүй байхыг лхагва гарагт шүүх тушаасан боловч Лохте хэдийн АНУ руу буцжээ.

Лохте болон түүний багийн гурван хамтрагч болох Гуннар Бентц, Жек Конгер, Жимми Фейген мэдэгдэхдээ “ням гарагийн өглөөгүүр таксигаар тамирчдын тосгон руу явж байхад биднийг цагдаа шиг хувцастай, буутай этгээдүүд дээрэмдсэн” гэж мэдэгдсэн юм.

Харин Лохте болон өөр нэг усанд сэлэгчийн өгсөн мэдүүлэг “хоорондоо авцалдаагүй, худал байх магадлалтай” байгааг цагдаа нар олж тогтоосон бололтой.

Цагдаа нар хэлэхдээ “буу тулган дээрэмдсэн гэх хүмүүсийн тоо болон хулгайд алдсан мөнгөний талаар тэд харилцан адилгүй мэдүүлэг өгсөн” гэв.

Мөн ийм хэрэг гарсны ердөө дараахан усанд сэлэгчид тосгонд ирэхдээ инээцгээж байгаа нь хяналтын камерт бичигджээ.

Энэ тамирчид Риогийн Олимпын 4x200 м-ийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ