ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: Буриад талхны сэнгэнэсэн үнэр, шинэ өндөгтэй өглөөний цай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-30 12:26:23

Дорнод /МОНЦАМЭ/. Манай гэр бүлийн амралтын өглөө хамар цоргисон хар кофе, буриад талхны сэнгэнэсэн үнэр, “Дорнод өндөг”-ний зөөлөн амтаар эхэлдэг. Ер нь шинэ талхны үнэр, шинэхэн өндөггүйгээр өглөөний цайг төсөөлөхөд бэрх шүү дээ. Хэдий энэ хэв маяг бидний амьдралд хэвшээд төдийлөн удаагүй ч эзэгтэй бүр гэр бүлдээ найдвартай, шинэхэн, элдэв орц найрлагагүй хүнс хэрэглэхийг хүсдэг. Саяхан даа, хүнсээ цуглуулангаа дэлгүүрийн лангуун дээрх өндөгнүүдийн хугацааг харж зогстол бүтэн сарын дараа үйлдвэрлэсэн он, сар, өдөртэй орос өндөг хэдэн хайрцаг саваараа хураалттай хэвтэж л байсан. Хэзээ, хаана үйлдвэрлэж, хэдий хугацаанд тээвэрлэж байж, бидний хэрэгцээнд ирээд хэр удаж байгааг нь таашгүй.  


Миний багад айлууд ихэнх нь хэд гурван тахиа, гахай, саалийн таван үнээтэй, хашаандаа хэрэглээний ногоогоо тарьчихдаг, хоол хүнс нь одоогийнх шиг олон нэр төрөл биш ч илүү эко байжээ гэж үгүйлэх үе хааяа бий. Гэхдээ олзуурхууштай нь бид гаднынх гэсэн болгоныг илүүд үзэн шуурдаг байсан зуршлаасаа аажмаар татгалзаж байна. Эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, хоол хүнсийг сонгож, өөрсдийн гараар тарьж ургуулж, өсгөн үржүүлэхийг чухалчлах болсон маань сайн хэрэг. Энэ бодлын үүднээс сүүлийн арваад жилийн турш нутгийнхнаа шинэ өндгөөр хангаж байгаа “Дорнод өндөг” брэндийг онцлон сурвалжлахаар зорьж, саяхны нэгэн амралтын өглөө Хэрлэн сумын гуравдугаар багт байх тэдний аж ахуйд саатав.


"Нутгийн тус” ХХК-ийн захирал, “Дорнод өндөг” брэндийг үүсгэн байгуулагч Д.Мөнхцэцэг биднийг өнөө маргаашгүй өндөглөж эхлэхэд бэлэн болсон таван мянган тахиатай "дэгдээхэйн" байрандаа угтаж угтлаа. Энэ хавар таван мянган унтаахай дэгдээхэй тээвэрлэн авчирч зуны турш асарч бойжуулан өнөөдөр өндөглөж эхлэхэд бэлэн болгожээ. Өндөгнөөсөө дөнгөж хагарсан хэдхэн хоногтой унтаахайнуудыг нэг хүний гараар, яг л нярай хүүхэд аятай асарч тойглож байж өдий зэрэгтэй болгож авч. 

Малчны хотонд зочилж байснаас тахиачны хотыг үзэж байсангүй. Үзээгүй, дасаагүй орчин бүгд л сонин содон байдгийн адилаар тахиа юу идэж уудаг, өдөрт хэдэн удаа хооллодог, хэрхэн асарч тойглодог, хэчнээн мянган өндөг “үйлдвэрлэж”, зах зээлийн хэдэн хувийг хангаж байгаа, ямар шат дамжлагаар хэрэглэгчдийн гарт хүрдэг гэхчлэн шавайгаа ханатал шалгааж амжив.


Хашаандаа нэлээд хэдэн том хүлэмж эгнүүлэн барьж, өөрсдийн хувийн хэрэгцээний хүнсний ногоогоо хангадаг аж. Харин нэг том хүлэмжид асар олон тахиа багтаж ядан шаагилдах нь гэр оронгүй болсон хөөрхий нөхөд бололтой юм хэлээдэхэв. Учрыг лавлавал, тахиандаа тодорхой хугацаанд сэлгээ хийж байх ёстой, мөн зах зээл дэх өндөгний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа учраас банкны зээлд хамрагдан дахин нэг байр барихаар хөөцөлдөж, бүтнэ ч гэж найдаж. Нутгийн зон олондоо эрүүл аюулгүй хүнс хүргэхийн төлөө зүтгэж байгаа аж ахуйн нэгжид аль нэг банк 400 сая төгрөгийн зээл эрх биш гаргана гэсэн итгэл тээж байсан болохоор урин дулаан цагт амжиж таван мянган унтаахай дэгдээхэй тээвэрлэн авчирч, 120 хоногийн дараа гэхэд тэднийг амьдруулах шинэ байраа төвхнүүлчихнэ гэж тооцоолжээ.


Гэтэл бүх шаардлагыг нь хангаж байхад итгэл тавьж байсан банкнаас нь “зээл гаргах боломжгүй” гэсэн хариу өгсөн байна. Тиймээс дэгдээхэйн байранд шахалдаж ядан, өнөө маргаашгүй өндөглөж эхлэх гэж буй шинэ өндөглөгч таван мянгыгаа одоо байгаа байр руугаа нүүлгэн шилжүүлж, хүйтэн сэрүү орохоос өмнө гэр оронгүй болсон өнөөх таван мянгыг нядалгаанд оруулахаас өөр сонголт үлдсэнгүй.


Уг нь хэрэгцээний өндгөө хангаж, цааш өргөжүүлэх хүсэлтэй хүмүүст нядалгааны тахианаасаа тарааж өгмөөр байвч “Үнэгүй юм үнэгүй л байдаг” гэдгийг хангалттай мэдэрснээ учирлах.

Өмнө нь гурван удаа сэлгээ хийхдээ хорь, гучаад айлд тахиа тарааж өгсөн ч тэд нь юмханаар юм хийсэнгүй. Өөрөө бол хориод жилийн өмнөөс хашаандаа хэдэн тахиа тэжээж, гэр бүлийнхээ хэрэгцээг хангаад зогсохгүй сээтэг өндгөө 6000 төгрөгөөр зарчихаад тов хийсэн орлого олчихдог байсан шигээ бодсон хэрэг. Гэтэл илүүдээ гарсан, муу муухай юмнаасаа өгсөн гэж зарим нэг хүн өөдөөс нь хэдэрлээд хашрааж орхиж. Хувийн аж ахуй, бизнес эрхлэгч бидэнд энэ мэт бэрхшээл мундахгүй тохиолддог болохоор даваад гарч сурсан даа гэж Д.Мөнхцэцэг эгч ярьсан. 


Сонирхуулахад, Дорнод аймгийн хэмжээнд 13 мянга орчим тэжээвэр шувуу бий. Үүний бараг 12 мянга нь аймгийн төв Хэрлэн суманд байдгаас 9000 мянга орчим нь тахиа, 3000 нь бөдөн шувуу гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын тайланд дурджээ. Энэхүү дүн мэдээнээс харвал, маш цөөн айл гэрээр тахиа шувуу тэжээдэг бололтой. Гэтэл тахианы мах, өндөгний эрэлт, хэрэгцээ бидэнд хангалттай байна.


Ташрамд дурдахад, Дорнод аймаг дотоодын үйлдвэрлэлээрээ хүн амын мах, гурилын хэрэгцээг 100 хувь хангаж байна. Жилд 16.3 мянган тонн малын мах, 7.8 мянган тонн гурил үйлдвэрлэдэг. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 73.5 хувь буюу зургаан сая литр сүүг мал аж ахуйн салбараас хүлээн авч байгаа бол талх гурилан бүтээгдэхүүний 28.8 хувь, төмсний 64.6 хувь, хүнсний ногооны 24.6 хувь, жимс, жимсгэний 0.03 хувийг дотоодын үйлдвэрлэлээсээ хангадаг. 


Дугарсүрэнгийн Мөнхцэцэг гэх энэ эмэгтэй 1998 оноос хашаандаа хэрэгцээний ногоо, тэр дундаа байцаа голлон тарих болжээ. Тэр үед Орос руу явж тарьсан байцаагаа сонгиноор солино. Орос хүүхнүүд шарсан өндгөөр дайлах нь элбэг. Ингэж л анх өндөгний амтанд орж, хашаандаа тахиа тэжээж эхэлснээр явцдаа аж ахуйтай болох сэдэл санаа төрж, 2014 онд 2500 тахиатайгаар "Дорнод өндөг" брэндээ үүсгэн байгуулжээ. 

Тахианы залаа улаан байна гэдэг эрүүл, өндөглөж буйн шинж, харин өнгө зүс нь хувхайрч цагаарсан, хөдөлгөөн муутай байвал өвчтэйн илрэл.


Дорнодын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн хэд хэдэн компани хүнсэндээ зориулж эднийхээс тахиа авсныхаа дараа “өднөөс өөр юм үлдээгүй, цэвэр эко тахиа нийлүүлсэнд талархлаа” гэсэн урмын үг илгээжээ. Химийн орцтой тэжээлээр бордож, хиймлээр таргалуулж махлуулсан тахианы мах иддэг урд зүгийнхэнд манай тахиа цэвэр кальци шүү дээ, бид өлсөж үзээгүй цамаан болохоороо л энэ бүхний үнэ цэнийг мэдэхгүй байгаа юм гэж хатуухан сануулаад л авна лээ.  


Уургийн агууламж өндөртэй өндөг зах зээлд нийлүүлэхийн тулд дэгдээхэй байх үеэс нь сайтар арчилж, чанартай хоол тэжээлийг зөв цагт өгч хэвшихгүй бол тагтаа шиг давжаа болчих талтай гэнэ. Тахиа маш бээрэг амьтан учир тасалгааны хэм тун чухал. Тогтмол нэг хэмийг барьж чадаж байлаа ч сэрүүний улиралд хаалга нээх бүрт хүйтэн агаар ороход л идсэн хоол тэжээлээ тэр дор нь сангас болгоод гаргачихдаг. Нийт тахианд нэг өдөрт л гэхэд гурван сая төгрөгийн тэжээл зарцуулдаг атал шим тэжээл, эрдэс аминдэмээ авч чадалгүй тэр дор нь ялгадас болгоод байвал үргүй зардал төдий чинээ их гарна гэсэн үг.  


Эдний аж ахуй ОХУ-аас "Лован Браун Классик" үүлдрийн сайн чанарын өндөглөгч тахиаг хоёр жил тутамд оруулж ирж, үүлдэр угсаагаа сольдог. Учир нь энэхүү хоёр жилийн хугацаанд тахианы өндөглөх чадвар идэвхтэй байдаг аж. Дэгдээхэйнүүд үйлдвэрээс ирэхдээ вакцин тарилгад бүрэн хамрагдсан байдаг учир хэрэгцээт витаминыг нь цаг хугацаанд нь өгч, дунджаар дөрвөн сар тэжээж байж өндөглөгч тахиа болгодог. 


“Дорнод өндөг” эрэлт ихтэй үедээ тэр өдөртөө л, харин жирийн үед дунджаар гурваас долоо хоногт зарагдаж дуусдаг, яаж ч хурааж хуримтлуулсан 14 хонодоггүй нь хэрэглэгчдэд тэр хэрээр буух эзэн, буцах хаягтай, шинэ, баталгаат өндөгний эрэлт буйг харж болно. Тухайлбал, жишиг хүн амын хоногийн нормоор бодож үзвэл,


Дорнод аймагт хоногт 2.5 тонн шувууны мах, 116 мянган ширхэг өндөг шаардлагатай гэсэн судалгаа бий.

 

Өндөг маш эмзэг, амархан гэмтдэг болохоор тээвэрлэлт дээр болгоомжтой, хариуцлагатай байх шаардлагатай. Эцсийн савлагаанд орж, хэрэглэгчийн гарт хүртэл санаа амардаггүй гэж аж ахуйнхан хуучилсан. Одоогоор аймгийн төвийн "Хишиг", "Ольхон", "Афта", "Номин", "Айсвн" зэрэг томоохон супермаркетуудаас гадна нарийн боовны үйлдвэрүүдэд өндгөө нийлүүлж байна. Цар тахлын үеэр хөл хорио тогтоож, хил гааль хаалттай, шинэ жил, цагаан сараар нийслэлд өндөг тасарлаа гэлцэн шуугиж байхад Дорнодынхон урьдын адил 400-450 төгрөгөөр өндгөө худалдан авч байв. Энэ мэтчилэн хүнд хэцүү цагт үнэ өртгөө барьж, ачаалал өндөртэй ажиллаж байтал гэнэт л нэг өдөр хилээр хэдэн вагон өндөг орж ирж, барьж тогтоож байсан үнийг нь дагуулаад навс унагаах үе бишгүй гардаг.   


“Дорнод өндөг” брэнд өнөөдрийн байдлаар арваад мянган тахиа өндөглүүлж, аймгийнхаа өндөгний зах зээлийн арван хувийг хангаж байна. Өндөглөгч тахианы тоо толгойг нэмж, аж ахуйгаа өргөжүүлж чадвал цаашид 20-25 хувь, бүр зүүн бүсийн аймгуудаа шинэ, баталгаат өндгөөр хангах ирээдүйн төсөөлөл ч цээжинд нь хадаатай яваа.   


Хүн төрөлхтний хоолонд юугаар ч орлуулж болдоггүй уургийн хоёр эх үүсвэр байдгийн нэг нь мах, нөгөө нь өндөг.


Өндөгний уураг буюу протеин нь чанарын хувьд эхийн сүүний дараа ордог. Хамгийн гол нь өндөг тахианаасаа гараад удаан хадгалагдаагүй, холоос тээвэрлээгүй шинээрээ хэрэглэгчийн гарт очвол уураг амин дэмийг сайн нөхөж авч чадна.


Өндөгний аж ахуйгаас буцаж явахдаа дотоодын үйлдвэрлэл хэчнээн хэрэгтэйг эргэцүүлэх бодол эрхгүй төрсөн. Бид нөөц боломжоо ашиглан аж ахуй эрхэлж, өөрсдөдөө ажлын байр, орлого бий болгох боломж дүүрэн байна.  

Холбоотой мэдээ