БНСВУ-тай хөгжүүлж буй харилцааныхаа түвшинг ахиулах саналтайгаа илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-26 21:52:26
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Вьетнамын Коммунист Намын Төв хорооны Гадаад хорооны дарга Ле Хоай Чунг-тай 9 дүгээр сарын 26-ны өдөр Ханой хотноо уулзав.


Вьетнамын Коммунист Намын Гадаад хорооны дарга Ле Хоай Чунг БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайдын хувиар Монгол, Вьетнамын ГХЯ-д хоорондын өмнөх зөвлөлдөх уулзалтыг цар тахлын улмаас 2020 онд цахим хэлбэрээр дэд сайд Б.Мөнхжинтэй хийж байснаа дурсаад цаашид хоёр улсын ойр дотно, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрээр хүнд бэрх үед Монголын төр засаг, ард түмэн вьетнамын ард түмэнд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж ирснийг Вьетнам Улсын нам, төр засаг, ард түмэн үргэлж санан дурсаж явдгийг тэмдэглэв.


Мөн Вьетнамын Коммунист Нам нь улс орныг удирдан чиглүүлэх дээд байгууллага болохын хувьд Зүүн хойд Азийн бүс нутаг дахь чухал түнш Монгол Улстай тогтоосон харилцаанд өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцолж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, улс төрийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.


Дэд сайд Б.Мөнхжин хоёр орны ард түмний нөхөрлөл түүхийн хүнд хэцүү сорилтыг даван туулж улам бэхжиж ирснийг тэмдэглээд цаашид Зүүн өмнөд Ази дахь уламжлалт түнш БНСВУ-тай хөгжүүлж буй харилцааныхаа түвшинг ахиулах, ирэх 2024 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан дээд түвшний айлчлал зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.


Талууд хувьсан өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдалтай уялдуулан харилцаа, хамтын ажиллагаагаа улам нягт болгох, харилцан санал солилцож байх, олон улсын тавцанд харилцан бие биенээ дэмжиж хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ