БАЯН-ӨЛГИЙ: Дулааны станцын найдвартай эрчим хүчээр хангах боломж 15-20 хувиар нэмэгдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-16 16:37:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын айл өрх, албан байгууллагуудыг дулаанаар хангадаг "Эрчимбаян Өлгий" компани Эрчим хүчний сайдын 2021 оны 129 дүгээр тушаалын дагуу өнөөдрөөс дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээж эхэллээ.

Албаны хүний өгсөн мэдээллээр энэ жил 1321 айл өрх, 211 хувийн амины орон сууц,  48 төсөвт байгууллага, 181 аж ахуйн нэгжийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах тооцоо гарсан байна.

Компанийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнгөрсөн зун аймгийн Нэгдсэн эмнэлгийн гадна дулаан шугамыг шинээр татжээ. Мөн бүх дулаан дамжуулах төвүүдэд засвар үйлчилгээ хийж, эмнэлгийн чиглэлийн 220х2 м урттай магистрал шугамыг Ф2х300 мм голчтой шугамаар өргөтгөж шинэчилсэн байна. Ингэснээр Өлгий хотын дулаан дамжуулах төвийн шугамын нэвтрүүлэх хүчин чадал сайжирч, хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах боломж 15-20 хувиар нэмэгдсэн гэсэн мэдээллийг компаниас өгөв. 

Харин үнэ тарифын талаар дурдахад, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 466 тоот тогтоолын  дагуу  дулааныг албан байгууллагуудад 1600, орон сууцанд амьдардаг айл өрхүүдэд 800 төгрөг, аж айхуйн нэгжүүдэд 1200 төгрөгөөр борлуулах аж.

Холбоотой мэдээ