ГОВЬ-АЛТАЙ: “Ахмадын спорт явган аялал”-ын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2022-09-12 13:08:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит “Ахмадын спорт явган аялал”-ын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Иргэдийн эрүүл мэнд, бие бялдрын соёлыг дээшлүүлж, Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилт, Ерөнхий сайдын санаачилсан “Илүүдэл жингүй эрүүл Монгол” аяны хүрээнд алслагдсан аймаг орон нутагт аяллын спортыг сурталчилж, Алтай нутгийн байгаль, түүх соёлын дурсгалтай танилцах, адал явдалт аяллын спортын төрлөөр нийтлэл, сурвалжилга бэлтгэж, спорт аяллын оны шилдэг баг, хамт олныг шалгаруулах зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулж буй аж.

Аймгийн Засаг даргын нэрэмжит "Ахмадын Спорт аяллын" УАШТ-ийг есдүгээр сарын 9-14-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Усан Цахилгаан станц, Завхан гол-“Алтай” хот гэсэн гэсэн маршрутаар АБВ ангиллын 70 км замд зохион байгуулж байна.

Тэмцээний нээлт Тайшир сум дахь "Гурван гал" амралтын газарт зохион байгуулж, тус аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал, Спортын мастер Улсын шүүгч Санчирбазар, шүүгч, зохион байгуулагчид, тамирчид, аймгийн БТСГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баянзул болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

Тэмцээн аймаг хотын БТСГ-ууд, МСАХ-ны хот, хөдөөгийн салбар зөвлөл, клуб, ахмадын байгууллагуудаас урт холын аялалд тэнцэх даралт, зүрх судас, үе мөчний хууч өвчингүй, эрүүл мэндийн үзлэг хяналтад бүрэн хамрагдсан 50-65 насны эр-2, эм-3 бүгд 5 хүнтэй 15 багийн 75 тамирчин, сул аялагч, шүүгч, зохион байгуулагчдын 10 орчим нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж буй тухай аймгийн холбогдох албанаас мэдээлэв.

Аялагч тамирчид батлагдсан маршрутын дагуу 5 өдөр аялах ба 6 төрлийн тэмцээнд оролцож, 14-ний өдөр Алтай хотын төвд ирж, орон нутгийн хөгжил соёлтой танилцан үзвэр үйлчилгээ үзэх аж.