Улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын тэмцээний шилдэг сурагчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-28 12:08:15
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээн 8 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн амжилттай өндөрлөв.


Цогцолбор тэмцээний хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, дэд сайд Б.Баярмагнай, Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа тэргүүтэй холбогдох албаны удирдлагууд, аймаг дүүргүүдийн Засаг дарга, Цэргийн штабын дарга, тэмцээнд оролцогч баг тамирчид, багш дасгалжуулагч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцов.


Арга хэмжээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэмцээнд оролцогч сурагчдад хандаж, энэхүү тэмцээний 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг гурван үе шаттайгаар амжилттай зохион байгуулж, улсын аварга шалгаруулах төрөлд шилдэг баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан явдалд аймаг, нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газрын цэргийн штаб, багш-дасгалжуулагч нарт талархал илэрхийллээ. 


Тэрбээр мөн "Тэмцээнээс олж авсан цэргийн хэргийн мэдлэг, дадал, ур чадвараа үе тэнгийн найз нөхдөдөө сурталчлан таниулж, цэрэг-эх оронч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн нь өмнөө тавьсан зорилго, зорилтоо бүрэн дүүрэн биелүүлж, эх оронч үзэл сэтгэлгээтэй өсвөрийн дайчдаар хүрээгээ тэллээ” хэмээн тодотгож, тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсныг онцлов. 


Нэгдсэн дүнгээр “Дөл-2022” цогцолбор тэмцээний тэргүүн байрт Э.Өсөхбаяр тасгийн захирагч, Б.Дэлгэрмаа дасгалжуулагчтай нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Цасны барс” тасаг, дэд байрт С.Энхбаяр тасгийн захирагч, Б.Батцог дасгалжуулагчтай нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хар сүлд” тасаг, гутгаар байрт А.Ганбаяр тасгийн захирагч, Ч.Гаваа дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Ав хайрхан” тасаг, тусгай байрт З.Төгөлдөр тасгийн захирагч, Т.Ганболд дасгалжуулагчтай нийслэлийн Багануур дүүргийн “Соёмбо” тасаг, Ж.Төгсжаргал тасгийн захирагч, А.Мөнхсувд дасгалжуулагчтай нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Алтан-Од” тасгийн тамирчин сурагчид бусдыгаа хошуучлан манлайллаа. 


“Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээний тэргүүлэгчээр шалгарсан Сонгинохайрхан дүүргийн “Цасны барс” тасгийн захирагч Э.Өсөхбаяр нийт сурагчдаа төлөөлөн хэлсэн үгэндээ “Дөл үнэхээр гайхамшигтай тэмцээн юм. Намайг болон манай найзуудыг эх орноо хайрлах сэтгэл, цэргийн албаар бахархах үзлээр дэвэргэж, цэнэглэсэнд баярлалаа. Энэ тэмцээнд оролцож, бүр ялалтын медалийг зүүснээрээ миний зам мөр нэгэнт тодорхой боллоо. Тэр нь цэргийн хүн болох эргэлт буцалтгүй шийдвэр юм. Монгол Улсынхаа төлөө зүтгэе” хэмээн ёслов. 


Цогцолбор тэмцээний нэг төрөл болох ханын сонины уралдаанд тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн “Сүлд” тасгийн сурагч А.Мөнхтөр, Г.Мишээл, дэд байрт нийслэлийн Налайх дүүргийн “Тусгай” тасгийн сурагч Н.Нямцоож, Н.Эрдэнэ-Уянга, гутгаар байрт нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Алтан-Од” тасгийн сурагч Б.Төгөлдөр, Б.Лхам-Эрдэнэ нар тэргүүлснийг энэ үед зарлаж, шагнаж урамшуулав. Сурагчдын эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монгол бахархал, өв соёлыг бийрээр дүрслэн буулгасан ханын сонинуудыг үзэгчдэд дэлгэж толилуулсанд эцэг, эхчүүд талархаж байсан юм.


Энэ үеэр үзэгчдийн талархлыг хүлээсэн шагнал хүртээсэн нь “Дөл-2022” цэрэг-спортын тэмцээнд баг тамирчдаа зөв удирдан чиглүүлж, манлайлсан зарим тасгийн захирагч нарт Үндэсний Батлан хамгаалах Их сургууль, Дотоод хэргийн Их сургуульд суралцах урилга гардуулсан явдал байлаа. ҮБХИС-д суралцах урилгаар Өмнөговь аймгийн тасгийн захирагч Б.Энхмэнд, Сэлэнгэ аймгийн тасгийн захирагч Б.Тэмүүжин, Хэнтий аймгийн тасгийн захирагч А.Баяржавхлан нарыг, Дотоод хэргийн Их сургуульд суралцах урилгаар Булган аймгийн тасгийн захирагч Д.Базарсад, Дорноговь аймгийн тасгийн захирагч М.Анар, Төв аймгийн тасгийн захирагч Н.Даваажаргал нар шагнуулав.









Холбоотой мэдээ