Түрэг судлалын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-06 20:26:12
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд найрамдах Турк Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор, поктор Музаффер Шекер, Измир Катип Челеби Их сургуулийн ректор, профессор, доктор Саффет Көсе, Монгол Улсын Их сургууль, Измир Катип Челеби Их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн Турк талын захирал, профессор, доктор Шабан Доган тэргүүтэй төлөөлөгчдийн өнөөдөр /2022.08.06/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Монгол Улс, Турк Улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж профессор, доктор Шабан Доганыг Монгол Улсын төрийн “Найрамдал” медалиар шагналаа.


Измир Катип Челеби Их сургуулийн ректор, профессор, доктор Саффет "Көсе Биднийг хүлээн авч уулзаж байгаад онцгойлон талархал илэрхийлье хэмээгээд хоёр улсын боловсролын байгууллагуудын хамтрасан багийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Хамтрасан багийн судлаачид Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү хааны байгуулсан Аладагийн хотын туурийг саяхан нээж илрүүлээд байгаа аж. Судлагааны ажил амжилттай үргэлжилж түүхэнд шинэ дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаагаа мөн хэлж байв. Тэрбээр, Бидний эрдэм шинжилгээ, судлагааны хамтын ажиллагаа маань хоёр улсын төдийгүй дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах үр дүнтэй байна гэж найдаж байна" хэмээв.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хамтарсан багийнхан хоёр орны төдийгүй дэлхийн өв соёлд ихээхэн хувь нэмэр оруулах үр дүнтэй шинжлэх ухааны судалгааны ажил хэрэгжүүлж буйд талархалтай байгаагаа илэрхийлэв. Газар доорх нууцад нэвтэрч олон олон дэвшил гаргана гэдэгт итгэлтэй байна гэдгээ хэлсэн юм. Тэрбээр, Хүлэгү хааны олдвор дэлхийн бусад улсуудаас олдож байсан Монгол хаадын холбогдолтой дөрөв дэх олдвор болж байна. Энэ бол Монголчууд зөвхөн нүүдэлчин хот байгуулж байсан гэдгийг харуулсан үнэ цэнтэй юм. Монголын болон бусад улс орны археологчид Орхоны хөндийд Монголын долоон эзэнт гүрний нийслэл хотын туурийг амжилттай илрүүлээд байна. Та бүхний хамтарсан баг Монгол, Турк улсуудад хийж буй судалгаа, шинжилгээ, археологийн судалгаанаас олон баримт нотолгоог олж илрүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Холбоотой мэдээ