Дугуйчин Гийду Kунзe хоногт 20 цаг аялж, Монгол орныг 7 өдөрт туулахаар төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-02 18:51:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Кемпинский” зочид буудалд өнөөдөр ХБНГУ-ын дэлхийн алдарт уулын дугуйчин Гийду Кунзе / Guido Kunze /-гийн Монголд хийх дугуйн аяллынхаа талаар хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.


Тэрбээр өнөөдөр /2022.08.02/ өглөө эхнэр Габи Кунзе /Gaby Kunze/, 19, 17 настай хоёр хүүхдийн хамт Франкфурт-УБ-ын нислэгээр Монголын нийслэлд иржээ.


Гиннесийн олон дээд амжилтын эзэн Гийду Кунзе энэ удаа Монгол орны баруун хязгаар /ОХУ - Монгол Улсын хил/-аас зүүн хязгаар Монгол Улс - БНХАУ-ын хил/ хүртэл өдөрт 350-400 км замыг 20 цаг орчим тасралтгүй дугуйгаар явж нийтдээ 2600 км замыг туулан Гиннесийн рекорд амжилтыг  тогтоохоор төлөвлөжээ.  


Уг аяллыг санаачлагчдын нэг ХБНГУ-ын Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн Суурин төлөөлөгч ноён Маркус Лох /Markus Loch/:

-Гийду Kунзe болон дэмжигчид энэхүү аялалд бүтэн 1 жилийн өмнөөс бэлтгэсэн болохоор энэ өдөр бидний хувьд маш чухал тэмдэглэлт өдөр юм. Энэ төсөл жилийн өмнөөс гэр бүлийн найз нөхдийн энгийн дотно харилцаанаас үүдэлтэй. Бид энэхүү гайхалтай дугуйн аяллыг 7 хоногт дуусгах зорилттой болохоор Гийду Кунзе хоногт 20 цаг дугуйгаар аялж 2-4 цаг унтаж амрахаар байгаа. Энэ бол үнэхээр хүнд даваа. Аялал эхэлсэн өдрөөс Германы телевизийн уран бүтээлчид бичлэг хийж, Монголын Боролдой студитэй хамтран баримтат кино хийж, олон нийтэд мэдээлж, сурталчилах юм.


Мөн МИАТ ХК-ийн нислэгүүдээр уг аяллын бичлэгийг гаргаж Монгол Улсыг болон Монголын аялал жуулчлалыг сурталчилж танилцуулна. Энэ нь гадаадын иргэдэд гэр бүлийн аяллыг Монголын уудам нутагт хэрэгжүүлэх боломжтой юм гэдгийг нотлон харуулах зорилготой. Иймд уг баримтат кино нь Монгол Улс төдийгүй Монголын дугуйн спорт болон гэр бүлийн аяллыг дэлхий дахинд сурталчлах үнэ цэнэтэй бүтээл болох юм.


Экстрем аялагч Гийдо Кунзегийн Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох тус аяллыг зохион байгуулах, бэлтгэх бүхий л ажлыг УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны Дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, Монголын дугуйн холбоо, Зам тээврийн яам, Нийслэлийн ЗДТГ хамтран хариуцан ажиллаж байна. Түүнчлэн олон хувь хүн, байгууллага, компани дэмжиж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна хэмээв.


Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024 онуудыг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласан. Энэ оны 7 дугаар сарын байдлаар Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 100 мянгад хүрч аялал жуулчлалын салбар сэргэх шатандаа орсныг харуулж байна.


Засгийн газрын төлөвлөгөөний дагуу БОАЖЯ, ЗТХЯ, Соёлын яам, "Цолмон травел" ХХК, “Кемпински” зочид буудал хамтран ХБНГУ-ын алдарт дугуйчин Гийду Кунзег дэмжиж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүн, УИХ дахь Герман-Монголын Парламентын бүлгийн гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва, ноён Маркус Лох нар жилийн өмнөөс холбогдож хамтран ажилласнаар ийнхүү уг аялал хэрэгжихэд бэлэн болоод байна.


Аялалтай холбоотой санхүүжилтийг Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы Конрад Аденаурын сан гаргаж байгаа бөгөөд Шүдний эмнэлгүүдийн холбоо, Монголын дугуйн холбоо дэмжин хамтран ажиллаж байгаа аж. Уг төслийн санхүүжилтийн тодорхой хувийг “Мишээл хүүхдийн сан”-д хандивлах юм.   


Гийду Кунзе нь 1965 онд төрсөн, Тэрбээр тусгай зориулалтын гутал үйлдвэрлэдэг бизнес эрхэлдэг, чөлөөт цагаараа экстрим буюу эрсдэлт уулын дугуйн аяллыг сонирхогч, алдартай дугуйчин юм


Ташрамд сонирхуулахад, Гийду Кунзе нь сүүлийн 10 жилд дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон бөгөөд Австралийн баруун хязгаараас зүүн тийш 4200 км замыг хамгийн богино хугацаанд, дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожос де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт гарч мөн Альпийн нурууг 14 хоногийн дотор 100,000 босоо метрийг туулсан, Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайг туулсан зэрэг дэлхийн дээд амжилтуудыг эзэмшдэг Төмөр хочит дугуйчин /Iron men/ билээ.


Эрсдэлт аяллыг даван туулагч уулын дугуйчин Гийду Кунзе болон түүний эхнэр хатагтай Габи Кунзе /Gaby Kunze/ нарын ярилцлагыг дараагийн цувралаараа хүргэх бөгөөд түүний Монгол орноор хийх аяллын талаар цувралаар та бүхэнд мэдээлэх болно.


Дугуйчин Гийду Кунзе


Дугуйчин Гийду Кунзегийн Монгол орноор аялах аяллын тойм маршрут

Холбоотой мэдээ