ХОВД: Adapt төслийг сумдад хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-27 12:16:53

Ховд /МОНЦАМЭ/. Мянгатыг биш байгальд ээлтэй малчдыг дэмжих “Аdapt” төсөл Ховд аймагт эхэллээ

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр НҮБХХ, БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран  Adapt буюу "Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөд хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлж байгаа юм.    

Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар гэсэн 4 аймгийн 68 суманд 7 жилийн хугацаанд уг төсөл хэрэгжихдээ 130 мянган малчинд үр шимийг нь хүртээхээр төлөвлөжээ.     

Энэ хугацаанд зорилтот сумдын болон усны сав газрын захиргааны менежментийг шинэчилж, 2500 га талбайд татмын ой ургуулж, 88 булгийг хамгаалж, 285 худаг шинээр барьж байгуулахаас гадна сэргээх ажлуудыг ч шат дараатай хийхээр төлөвлөсөн байна.

Мөн ус хуримтлуулах 18 төв байгуулж, 2890 га талбайд хадлан бэлчээрийн нөөц газар түүнийг түшиглэсэн тэжээлийн агуулах байгуулна. 

Дээрх төслийг Ховд аймгийн бүх суманд хэрэгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 26-ны өдөр төслийн сургалт, хэлэлцүүлэг, судалгааны ажлыг эхэллээ.   

Эхний ээлжид сум орон нутгийн удирдлага, ажил хариуцсан албан тушаалтан, малчдын төлөөллөөс бүрдсэн 180 гаруй хүнийг оролцуулсан "Малчдын зөвлөгөөн" зохион байгуулжээ. Зөвлөгөөний хүрээнд малчин бүр малынхаа тоонд биш чанарт анхаарч, байгальд ээлтэй ажиллах талаар мэдээлэл хийлээ. 

Мөн оролцогчид "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр ашиглалтын гэрээтэй, байгалийн нөөцийн даацад тохирсон эрүүл, ашиг шим өндөр мал сүрэгтэй, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ төвлөрсөн цэгээр боломжийн үнэтэйгээр дотоод, гадаадын зах зээлд борлуулдаг, хоршсон хамтын ажилллагаатай хариуцлагатай, эко системийн төлбөр авдаг малчин бүхий тогтвортой мал аж ахуй бий болгоход Adapt төсөлтэй хамтран ажиллана" хэмээн уриалга гаргав. 

"Дээрх төслийн үр дүнд цаг агаарын мэдээг сар, улирлын өмнө урьдчилан тооцоолох техник хэрэгсэлтэй болохоос гадна газар тариалан, мал аж ахуйг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх боломж бүрдэж, үүнийг дагаад цаг агаарт зориудаар нөлөөлөх чадавх бэхжих зэрэг малчдад үр өгөөж өгөх юм. Байгалийн нөөцөөс хамааралтай уур амьсгалын өөрчлөлтөд хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадавхыг бэхжүүлэх загвар төсөл нь бэлчээр, усны зохистой менежмент, малын ашиг шим, түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж албаны эх сурвалжууд онцоллоо.


Холбоотой мэдээ