ДОРНОД: Амьд үхэр, үхрийн мах, түүхий эд тээвэрлэх, худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг сунгалаа

ОРОН НУТАГТ | ДОРНОД
167@montsame.mn
2022-07-21 10:27:54

Дорнод /МОНЦАМЭ/. Амьд үхэр, үхрийн мах,  түүхий эд тээвэрлэх, худалдан борлуулах, нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг сунгалаа.

Тодруулбал, аймгийн Онцгой комиссоос малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор ирэх сарын 1-гний өдрийг дуустал хугацаанд дээрх шийдвэрийг гаргажээ. Учир нь малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний анхны тохиолдол зургадугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн бол сүүлийнх нь энэ сарын 19-ний өдөр бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Баянтүмэн, Булган сумдын гурван голомтод 95 үхэр өвчлөн, устгалд оруулсан гэж Мал эмнэлгийн газраас мэдээллээ.


Аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн газартай хамтран тус өвчний голомтыг цомхотгох, тэмцэх арга хэмжээг шуурхай авч, голомтот бүс нутагт хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ