БАЯНХОНГОР: Аймгийн хэмжээнд долоон сурагч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-27 15:47:59
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт 800 гаруй шалгуулагч 10 хичээлээр /давхардсан тоогоор 2200/ Элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ. Үүнээс аймгийн хэмжээнд долоон сурагч ЭЕШ-д 800 оноо авсан амжилт гаргасан байна.
Тодруулбал, "Номун далай" цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Б.Лхагвасүрэн математик 800, 12г ангийн сурагч Э.Ану нийгэм 800, 12д ангийн сурагч Т.Содбилэг физик 800, "Төгс алгоритм" сургуулийн 12а ангийн сурагч Б.Халиунаа англи хэл 800, "Соого Сейко" сургуулийн 12б ангийн сурагч З.Амаржаргал нийгэм 800, Галуут ЕБС-ийн 12б ангийн сурагч Г.Энхсувд нийгэм 800 оноо, Бууцагаан сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч И.Магсарнам монгол хэл 800 оноо тус тус авчээ.
Монголын ИДСК-ын гишүүн дээд сургуулиудын элсэгчдийг мэдээллээр хангах, сургуулиа танилцуулах "Нээлттэй өдөрлөг" энэ сарын 27-ноос аймгийн БШУГ-ын байранд эхэллээ. 2022 оны элсэлт хуваарь олголт 100 хувь цахимаар болох аж.
Энэ жилийн шалгалтаас эхлэн ЭЕШ-ын батламж хуудсыг цахим болгосон бөгөөд зургадугаар сарын 28-наас эхлэн өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан БҮТ-ийн сайт руу хандаж, Шалгуулагчийн булан хэсгээр нэвтэрч хэвлэн авах юм байна. Мөн е-mongolia системд байршуулах тул ТҮЦ машинаас хэвлэн авах боломжтой.
Холбоотой мэдээ