“Инвескор ББСБ” олон нийтэд нэмэлт хувьцаа гаргаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-27 16:36:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Инвескор ББСБ” ХК нэг бүр нь 4 155 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгоод байна.


Уг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид эхлүүлж, биржийн 6747 дахь дахь арилжааны цанг цохилоо. Цан цохих үйл ажиллагааг Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай нээж, тус бирж үнэт цаас гаргагч нарыг дэмжих зориолгоор анхдагч зах зээлд хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргагчийн арилжааны шимтгэлийг 100 хувь чөлөөлж байгааг тэмдэглэн хэлэв.


“Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй нэмэлт хувьцааны арилжааг ажлын 5 өдөр буюу энэ оны 7 дугаар сарын 1-нийг дуустал 10.00-17.00 цагт Монголын Хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авах юм.


Санал болгож буй үнэт цаасны 95 хувь болох 3.8 сая ширхэг хувьцааг Монголын Хөрөнгийн биржийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-д заасны дагуу стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгох юм. Худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд үнэт цаас гаргагч нь нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны 15 хүртэлх хувьтай тэнцэх буюу 600 мянган ширхэг хувьцааг захиалгын дүнд үндэслэн нэмж гаргахаар төлөвлөжээ. Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ