Эрдэнэмандал сумын малчид эрчимжсэн мал аж ахуйг дэмжив

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-06 11:41:51
Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэмандал сумын малчдын зөвлөгөөн энэ сарын 3-ны өдөр боллоо. Зөвлөгөөнд тус сумын зургаан багийн 240 гаруй малчин хүрэлцэн ирж, бэлчээрийн даац, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эрчимжсэн мал аж ахуй, малчдын амьдралын чанарын талаар бүтэн өдрийн мэдээлэл авч хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Эрдэнэмандал сум нь мал сүргийнхээ тоогоор улсад эхний тавд, хонин сүргийн тоогоор тэргүүлдэг. Бэлчээрийн даац долоо дахин хэтэрсэн. Ахмад малчдын хэлж байгаагаар бэлчээр талхигдалтаас болж малын чанар, бүтцэд ихээхэн өөрчлөлт орж байна. Тухайлбал, үнээ дунджаар дөрөв тугалаад шүд нь үйрч унаж байна. Мал идэх өвсгүй шороо зажлаад байхаар ийм байдал ажиглагдаж байна гэжээ.
Эрдэнэмандал сумын “Малчдын зөвлөгөөн”-д аймгийн Засаг дарга М.Батжаргал, аймгийн ХХААГ, Хариуцлагатай нүүдэлчин хоршоог үүсгэн байгуулагчид болох Г.Галбадрах, Н.Отгонбаяр, Э.Энхтөр, н.Мөнхдэлгэр нар Эрчимжсэн мал аж ахуйн ач холбогдол, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх боломжуудын талаар мэдээлэл хийжээ.
Жилийн дөрвөн улиралд цагийн хуваарьгүй ажиллах ажлын ачааллаа багасган, мал аж ахуйгаас ашиг олж амьдралаа дээшлүүлж, бэлчээр ургамлаа хамгаалахад эрчимжсэн мал аж ахуй нэн шаардлагатайг Эрдэнэмандал сумын малчид дуу нэгтэйгээр илэрхийлж байлаа.
Холбоотой мэдээ