“Ээж ээ, та чаднаа” эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-05-26 14:51:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нөмөр аппликейшн"-ны хамт олон нийгэмдээ уриалга гарган "Ээжээ, та чадна аа" эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж эхэллээ.


Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 19-аас дээш 70 гаруй насны нийт 1.078.540 эмэгтэй байгаагаас 69.132 буюу нийт эмэгтэйчүүдийн 6.4 хувийг хувиараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд эзэлж байна.

Эдгээр эмэгтэйчүүд багадаа 3, ихдээ 9 хүртэлх хүүхэдтэй гэж үзвэл 211.658 өрхийн гишүүдийг эдгээр эхчүүд авч явж байгаа юм. Манай улсын хувьд эмэгтэйчүүд тэр дундаа хувиараа хөдөлмөр эрхэлж буй эхчүүдэд дэмжлэг туслалцаа нэн шаардлагатай.

Эхчүүд гэр бүлээ төсвийн болон төсвийн бус байгууллагуудад ажиллах эсвэл хувиараа жижиг дунд бизнес эрхэлж амьдралаа авч явж байна. Жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд амьдралын шаардлагаар өрх гэрээ тэжээх, тогтмол орлого олох, амьжиргааны түвшингөө дээшлүүлэх зорилгоор албан бус хөдөлмөр эрхэлж байна.

Энэхүү хөтөлбөр нь эмэгтэйчүүд тэр дундаа бизнес эрхлэгч эхчүүдийг тогтвортой орлогын эх үүсвэртэй, өөрийн гэсэн хөрөнгө болон хуримтлалтай, аливаа сорилтод өртөмтгий биш, бизнесээ амжилттай авч явахад дэмжих зорилготой. Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан "Ээж" үзэсгэлэн "В Contemparory" үзэсгэлэнгийн танхимд нээлттэй байх юм.

Үзэсгэлэнд энэхүү эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан болон жижиг дунд бизнес эрхэлж байгаа эхчүүд оролцсон бөгөөд тэдгээрийн амьдрал ажлын талаарх дүр зургийг бодитоор харуулсан нь онцлогтой болжээ.

Үзэсгэлэн 7 хоногийн турш үргэлжилнэ.








Холбоотой мэдээ