“Оюутолгой”-н борлуулсан баяжмалын хэмжээ 6.7 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-08-03 16:32:44

“Оюутолгой” компани 2016 оны эхний хагаст 126 сая ам.долларын татвар, хураамж төлжээ.

Үндэсний худалдан авалтад 136 сая ам.доллар, үүнээс 35 сая ам.долларыг Өмнөговь аймгаас бараа, үйлчилгээ худалдан авахад зарцуулсан байна.

"Оюутолгой" ХХК хоёрдугаар улиралд 329.7 сая ам.долларын борлуулалтын орлого олсон нь өмнөх улирлаас 22 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь алтны борлуулалт багассантай холбоотой аж. Мөн  улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ  өдөрт дунджаар 105 мянга орчим тонн байсан нь өмнөх улиралтай дүйжээ. Харин зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга буурснаас шалтгаалжээ. Түүнчлэн тооцоолж байсанчлан, баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувь буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх алтны агуулга буурснаас шалтгааллаа хэмээн албаныхан онцлов.

Харин энэ улиралд борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 6.7 хувиар өссөн дүн гарсан байна.

Нийгмийн сайн, сайхны төлөө тус компани 2 дугаар улиралд  боловсрол, сургалтын хөтөлбөрүүдэд ойролцоогоор 49 мянган ам.доллар, тогтвортой хөгжил, дэд бүтцийн төслүүдэд 5.9 сая ам.доллар зарцуулсан аж. Мөн Ханбогд сумын усан хангамжийн байгууламж, Баян-Овоо сумын эрүүл мэндийн төв, Манлай сумын спорт цогцолбор зэрэг дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлжээ.

Б.Заяа

 

Холбоотой мэдээ