Үй Цай сургуулийн сурагчид дэлхийн номын өдрийг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-04-23 23:49:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан хятад хэлний сургалттай Үй Цай сургууль “Түмэн ном уншиж Түмэн газраар аялахуй” уриан дор өдөрлөг зохион байгууллаа.


НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага буюу ЮНЕСКО-гоос 1995 онд жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг "Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр" болгон зарласан. Дэлхийн 100 гаруй оронд энэ өдөр зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл илэрхийлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор тэмдэглэдэг уламжлал тогтжээ.


Тус сургуулийн сурагчид дэлхийн сонгодог болон монголын уран зохиолыг театрчилсан хэлбэрээр бүтээл болгон эцэг эхчүүд, багш нар болон үе тэнгийнхэндээ танилцуулав.


Үй Цай сургуулийн захирал Д.Цэцэгмаа хэлэхдээ, “Номын баярыг өмнө нь сургууль дотроо анги ангид нь зохион байгуулдаг байсан бол энэ жил багт наадамчилсан байдлаар хийхийг зорилоо. Манай сурагчид дэлхийн сонгодог зохиолоос гадна Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Д.Сэнгээ, Д.Гармаа гэхчлэн эх орныхоо нэртэй зохиолчдын номыг 4 жил уншиж байгаа. Дэлхийн сонгодог зохиолоос “Монте Кристо гүн” манай сурагчдын байнгын ном, олон жил уншсан. Мөн хэл зүйн дүрмийн талаар 12 дугаар ангийн сурагчид гурван хэлээр илтгэл тавьж дипломын хэмжээнд бичиж байна. Дунд ангийн сурагчид монголоор уншиж, эх зохиолтойгоо танилцан эцэг эхчүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулж шүлэг бичдэг. Нэг өдрийг театрын өдөр, номын өдөр болгон театрчилсан тоглолт зохион байгуулж эцэг эх, сурагчдыг хамруулж байна. Ингэснээр айл гэр болон сурагч бүр номтой нөхөрлөн, номын дотоод ертөнцөөр аялах сонирхолтой болж байна” хэмээв. 


Тус сургуулийн 3 дугаар ангийн сурагч Баярбилэгийн аав Ө.Түвшинтөгс, “Энэ сургуулийн хувьд эцэг эхчүүдийн өмнөөс хэлэхэд баярлууштай зүйл их бий. Өглөө бүр 7.30 цагт уншлагын цагийг эхлүүлж, сурагчид уншсан номоо ярилцаж мэдлэгээ тэлдэг. Мөн уншсан ном, үзсэн зохиолынхоо дүрээр сурагчид өөрийн үзэл бодлоороо оюуны зураглал гарган, ангийнхантайгаа харилцан ярилцдаг нь давуу талтай” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.


Холбоотой мэдээ