Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-04-20 19:49:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


Одоогийн хуулиар регистрийн дугаарыг ил харагдахаар бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн насанд хүрсэн иргэдэд улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгсөн 12 оронтой иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдахуйц бичихээр төсөлд тусгасан. Үүнтэй уялдуулан иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар тогтоожээ.


Иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар зааж байгаа аж. Түүнчлэн “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах тухай” тогтоолын төслийг боловсруулж, иргэний бүртгэлийн дугаарт үндэслэн төрийн үйлчилгээг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгахаар төсөлд тусгасан байна.


Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ