Их Юань хайрхан уулын Зүрхэн чулууг “Их Даян”-д очиж үзээрэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-04-08 18:01:59

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн нутаг, Хангайн нурууны ноён оргил, төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхны баруун хойд талд Да Юань гэсэн нэртэй дагуул нэгэн уул байдаг.

Завхан аймгийн Алдархаан сумын төв Алдар сууринаас зүүн тийшээ 85 километрт буй энэ уулыг шинэ цагийн геодези-газар зүйн зурагт Да Юань гэсэнгүй харин “Даян хайрхан уул” гэж албан ёсоор тэмдэглэжээ. Нэвтэрхий тольд “Даян хайрхан уул. Оргил нь 2500 м өндөр. Урд талын тагийн орой дээр орших боржин чулуун цохиог “Хаан цохио”, хойд талын тагийн оройд орших хадан цохиог “Хатан цохио” хэмээнэ. Тахилгатай уул оройн дэвсэг хэсэгт боржин хадны элэгдлээр үүссэн бундан зүрх хэлбэр бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой чулуу бий.

Нутгийнхан нь урд Даян хайрхны “Зүрхэн чулуу” гэж нэрлэдэг аж. Тус чулуу нь аялагчдын үзэж сонирхож болох түүхэн газар юм. 



Түүхэн газар гэхийн учир нь: -Үндэсний бөхийн аварга цолны тодотгол чимэгт “далай, даян, дархан” гэсэн үг байдгийг хүмүүс мэднэ. 1229 онд Өгөдэйг Их Монгол улсын хаан ширээнд залахдаа “Далай хаан” гэж өргөмжилсөн.Тэр “далай” гэсэн өргөмжлөл нь аварга цолны чимэг үг болон шилжжээ хэмээн тайлбарлаж болно. “Дархан” гэдэг нь бусдаас илүү эрх дарх эдлэх хэмжээнд дархлагдсан тухай ойлголт, тиймээс аварга цолтон ам авахдаа өөрийнхөө хүссэнээр бусад цол багатай учраа бөхчүүдээс сонголт хийж хэн дуртайгаа амлан барилддаг гэсний илэрхийлэл аж.

Харин “даян” нь Батмөнх хааны өргөмжлөл цол “Да Юань” гэсэн үг юм билээ. Мандухай цэцэн хатан 1470 онд Чингис хааны 15 дахь үеийн долоон настай Батмөнхийг Халх Монголын хаан ширээнд залахдаа “Амь бат, төр нь мөнх, явдал ёс нь сайн, даян (да юань) бүгдийн эзэн нь болтугай” гэж Да Юань хаан буюу “Даян хаан” цол өргөсөн байна.

Цэцэн Мандухай бэлгэдлийг бодож Хубилай хааны байгуулан засаглаж байсан Их Юань шиг улсыг дахин босгох болтугай хэмээн Батмөнх хаанд ийм цол өргөжээ гэж түүхч судлаачид үздэг. Да нь их, том гэсэн утгатай хятад үг. Нийслэл Улаанбаатарыг XVIII-XIX зуунд Да хүрээ, Их хүрээ гэж хоёр янзаар нэрлэдэг байсан нь ийм учиртай аж. Тэгвэл Да Юань хаан буюу Даян хааны нэрээр нэрлэх тус Даян хайрхны содон сонин тогтоц бүхий газрыг Завхан аймагт аялахдаа та зорьж очиж үзээрэй. 

Холбоотой мэдээ