Булган аймагт нэн ховор зарим ургамал устсан байх магадлал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-20 19:23:09

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ургамлын онцлогийг судалсан эрдэмтэд зарим нэн ховор ургамал тааралдахгүй болсон талаар дурджээ. Аймгийн нэн ховор, ховор, ашиглалтад өртөмтгий ашигт ургамлын тархац, нөөц тогтоох, ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоож‚ онцлогийг илрүүлэх судалгаагаар 80 овгийн, 654 зүйл ургамал ургадгаас эмийн ба ашигт ургамал 370 зүйл, ашиглалтад өртөмтгий 94 зүйл, нэн ховор 12 зүйл, ховор 36 зүйл ургамал ургаж байгааг тогтоосон байна. Ургамлын аймагт томоохонд ордог овгоос үетэн, нийлмэл цэцэгтэн, уруул цэцэгтэн, улалж, тэргүүлэгч цэцэгтэн, холтсон цэцэгтэн орж байна. Томоохон төрлүүдээс улалж, шарилж, гичгэнэ, бургас, хунчир, ортууз, биелэг өвс, дэгд, банздоо, тарна зэрэг байдаг аж.

          Сүүлийн жилүүдэд эмийн ургамлаас гадна бэлчээрийн өвсний бүтэц өөрчлөгдсөн гэж аймгийн аварга малчин Г.Энхбаяр ярьсан билээ. Хөдөө аж ахуйн ууган хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин З.Очирын ач хүү тэрээр өвөөгийнхөө туршлагаар мал таргалуулах ургамлыг сонгон отор хийх гэхээр одоогоос 50-иад жилийн өмнө элбэг байсан шимт ургамал бараг тааралдахаа байсан гэсэн. Үүнтэй адил нэн ховор ангилалд багтаасан ургамал тус аймгийн хэмжээнд ховордож эхэлжээ.

 “Байгалийн ургамлын тухай” хуульд манай орны нутаг дэвсгэрийн хуурай газар, усны гуурст ургамал, хаг, мөөг, хөвд замаг болон бичил биетнээс ургамлын сан бүрддэгийг зааж, ургамлын нөөц, нөхөн сэргэх чадварыг харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж онцолсон байна. Энэ хуульд зааснаар байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар муутай тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй‚ устах аюулд орсон 133 ургамлыг нэн ховорт оруулжээ. Тус аймгийн нутагт 12 зүйлийн нэн ховор ургамал байна гэж тогтоосон байна. 1980-аад оны үеийн эрдэмтдийн судалгаанд тэмдэглэгдсэн Их саадган цэцэг, Сөөгөн шимэрс гэсэн хоёр зүйлийн ургамал гурван удаагийн судалгаагаар нэг ч удаа тааралдаагүй нь тус аймгийн ургамлын санд байхгүй болсон байна гэж эрдэмтэд үзжээ. Түүнчлэн Сэвсгэр дэгд, Юлдэн шүүдэр ойм сүүлийн удаагийн судалгаагаар тааралдаагүйгээс гадна ургаж байсан газрынх нь ургамалжилтын эвшил өөрчлөгдсөнийг ажиглахад бас устсан байх магадлал өндөртэй байгаа талаар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар мэдээлж байна.

Ган, хуурайшил, цөлжилт, хүчтэй салхи, элсний нүүлт, ширүүн мөндөр бороо, усны үер зэрэг байгалийн гамшигт сөрөг нөлөөний хүчин зүйлээс шалтгаалан ургах орчин доройтсноос зарим ургамал хомсдож байна. Мөн ой, хээрийн түймэр, бэлчээрийн талхлагдал, уул уурхайн болон хотжилт, хадлан, хүнс, эм, гоо сайхан зэрэг хэрэгцээний ургамлаа түүний тархацын агуупга, нөөцийн хэмжээний түвшин, экологи, биологи, ялангуяа үржип, өсөлт, хөгжлийн биологийг харгалзахгүй зөвхөн өөрсдийн тухайн хэрэгцээг хангах зорилгоор бэлтгэн ашиглаж буй хүний үйл ажиллагааны улмаас хомсдсон ховор, нэн ховор ургамлын дансанд орсоор байгааг мэргэжлийн байгууллага хүмүүс дүгнэж байгаа аж.

Дэлхийн эрдэмтдийн судалгаагаар 1600 оноос хойш 384 зүйл ургамал устсаны дотор хуурай газрын 245, далай тэнгисийн арлын 139 зүйл ургамал оржээ. Өнөө үед устахын ирмэгт тулаад байгаа 758-1000 зүйл ургамал бий гэж үздэг ч зарим судлаачийн бичсэнээр хэдэн мянган зүйл ургамал устах аюулд тулаад байгаа ажээ.

      Булган аймгийн нутаг дэвсгэрт ургаж байсан нэн ховор зарим ургамал “соёолохоо” байсан нь Булганхангайгаа төдийгүй байгаль эхийгээ хамгаалахад санаа зовних цаг тулсныг анхааруулж байна.

Холбоотой мэдээ