Онлайн орчинд суралцах боломжгүй малчдын төгсөх ангийн хүүхдүүдтэй илүү их ажиллажээ

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-02-09 15:43:01

Завхан/МОНЦАМЭ/. Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд малчдын 90 гаруй хүүхэд амьдарч суралцаж байна.

Тус сум нь Завхан аймгийн хүн ам олонтой томоохон сумдын нэг. Тиймээс Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль нь аймгийн хэмжээнд суралцагчдын тоогоороо тэргүүлдэг. 2021-2022 оны хичээлийн жилд 118 багш ажилтан, өдрөөр 1466, дүйцсэн хөтөлбөрөөр 19 суралцагчтайгаар хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас сургалтын үйл ажиллагаа түр зогссон. Энэ сарын 14-ний өдөр сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийгээд буй. Цар тахлын үед болон суралцагчдын улирлын амралтаар цахим сургалтыг тасралтгүй явууллаа. Ялангуяа онлайн орчинд суралцах боломжгүй малчдын төгсөх ангийн хүүхдүүдтэй илүү их ажиллах. Хүүхдүүдийн сургалтыг таслахгүй байх арга хэмжээг эцэг эхчүүдтэй хамтран зохион байгуулсан. Учир нь тус сургуулийн нийт суралцагчийн 87 хувийг малчдын хүүхдүүд эзэлдэг. Сүүлийн жилүүдэд сургуульд хөрөнгө оруулалт чамгүй хийгдэж дотуур байр болон спорт зааланд засвар хийж, ялангуяа дотуур байранд амьдарч буй малчдын хүүхдүүд, суралцагчдын ая тухтай амьдрах орчин нөхцөл, хөгжих суралцах боломжийг нэмсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд 640 хүүхдийн шинэ хичээлийн байр ашиглалтад орсноор орчин үеийн сургалтын арга технологийг хөгжүүлэн суралцах. Хүүхдүүдийн соёл хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах таатай нөхцөл бүрдсэн гэж Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулиас мэдээлэв. 

Холбоотой мэдээ