Залуучуудын хөгжлийг дэмжих ажил, үйлчилгээг өргөжүүлж, орчин нөхцөлийг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-01-28 23:40:45
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн  хуралдаан болж, энэ онд залуучуудын хөгжлийг дэмжих ажил, үйлчилгээг өргөжүүлж,  орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллахаар болов.

Тус аймгийн Засаг даргаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ удаагийн хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ цахимаар оролцож, энэ онд залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний чиглэл, зөвлөмжийг танилцуулж, санал бодлоо илэрхийлэв.


Энэ үеэр залуучуудын  хөгжлийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, анхаарах асуудлуудыг аймгийн ГБХЗХГ, ХХҮГ, ЭМГ-аас танилцуулав.  Залуучуудын байгууллагын 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх ажлын нэгдсэн удирдамжийн хэрэгжилтийг тооцож, салбар зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөний болон залуучуудын хөгжлийг дэмжих тухай аймгийн Засаг даргын албан даалгаврын төслийг тус тус хэлэлцэн баталлаа.

Мөн залуучуудын хөгжлийг дэмжих ажил, үйлчилгээг өргөжүүлэх, орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч, хуучин "Хүүхдийн төлөө төв"-ийн барилгыг "Залуучуудын хөгжлийн төв" байдлаар ашиглах төлөвлөлт, зураглал, хуваарь гарган зохих ажлыг эхлүүлэх ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэй томиллоо.  


Холбоотой мэдээ