Өрнөдийн орнууд болон "Талибан" хөдөлгөөний анхны хэлэлцээ дуусжээ

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-01-27 15:51:51

КИЕВ. /Ukrinform/. Талибууд болон барууны орнуудын төлөөлөгчдийн хооронд долоо хоног үргэлжилсэн хэлэлцээ Осло хотноо өндөрлөлөө гэж  “Al Jazeera” суваг мэдээлжээ.  


Мягмар гаргийн орой “Талибан”-ы төлөөлөгчид хэлэлцээний үр дүнгийн талаар хамтарсан мэдэгдэл хийлгүй Норвеги улсыг орхисон байна. Энэ нь өнгөрсөн наймдугаар сард Афганистаны эрх мэдлийг гартаа авсан цагаас хойш олон улсад хууль ёсны засгийн газар гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхийг эрмэлзэж буй талибуудтай хийсэн анхны хэлэлцээ байв.


Хэлэлцээнд Францын Гадаад хэргийн дэд сайд Бертран Лотолари, Их Британийн дипломатч Найжел Кейси, Норвегиййн гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч нар оролцжээ. Норвеги улс мөн лхагва гарагт Нью-Йорк хотод болсон Афганистаны асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлыг даргалсан байна.  


“Талибан” хөдөлгөөний хувьд хэлэлцээний гол зорилго нь тус хөдөлгөөнд авсан хориг арга хэмжээг цуцлуулах, банк, санхүүгийн системийн хямралын улмаас хүмүүнлэгийн хямрал үргэлжилж буй Афганистанд үзүүлэх тусламжийг сэргээх явдал байв гэж хэвлэлүүд тэмдэглэжээ. Хэлэлцээний үеэр “Талибан”-ы төлөөлөгчид Афганистанд 10 тэрбум ам.долларын тусламж хэрэгтэй байгааг мэдэгдсэн байна.


Өрнөдийн орнуудын төлөөлөгчид мөн хүмүүнлэгийн хямралыг шийдэхэд анхаарлаа хандуулахыг уриалсан байна. Түүнчлэн биелүүлсэн тохиолдолд Афганистанд санхүүгийн тусламж үзүүлэх шаардлагуудын жагсаалтыг талибуудад өгчээ. 


Тухайлбал, охид, хөвгүүдийг сургуульд сурч боловсрох тэгш боломжоор хангах, Афганистанд хүний эрхийн байдлыг сайжруулахыг шаарджээ. Үүний зэрэгцээ барууны орнуудын төлөөлөгчид “Талибан”-ыг хууль ёсны засгийн газар гэж хүлээн зөвшөөрөх боломжийг үгүйсгэсэн байна.  


Холбоотой мэдээ