Цагаан олимпын түүхэн замнал – “Альбервиль-1992”

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-01-27 13:58:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам удахгүй эхлэх гэж байгаатай /9 хоног/ холбогдуулан Цагаан олимпын түүхэн замналыг спорт сонирхогчдод МҮОХ-ноос цувралаар хүргэж байгаа билээ.      

 

Дэлхийн улс төр 1980-аад оны сүүл, 90-ээд оны эхээр бужигнаантай байж, Европын газрын зурагт томоохон өөрчлөлт гараад байсан нь Альбервилийн өвлийн олимпод ч нөлөө үзүүлсэн юм. Агуу Зөвлөлт гүрэн эхнээсээ задарч, Эстони, Латви, Литва бие даасан улс болж тусдаа оров. Мөн Словен, Хорват Югославаас өрх тусгаарлаж, тусгаар тогтносон улсын статустай оролцжээ.


Украин, Казахстан, Беларусь, Узбекистан, Армен, Азербайжан, Киргиз, Молдав, Тажикистан, Туркменистан улс 1991 онд ЗХУ-аас салж, тусгаар тогтнолоо зарлаад байсан ч 1992 оны өвөл, зуны олимпод Оростой хамтарч Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл /ТУХН/ нэрийн дор оролцсон юм.

 

Францын зүүн өмнөд зүгт орших жижиг хот Альбервилийн хувьд 1986 онд Лозаннд болсон ОУОХ-ны 91 дүгээр чуулганаар өвлийн XVI олимпыг зохион байгуулах эрхтэй болсон. Тэд сунгаанд Баруун Германы Берхтесгаден, АНУ-ын Анкориж, Италийн Кортина д’Ампеццо, Норвегийн Лиллехамер, Шведийн Фалун, Болгарын Софи хотуудыг ялж чадсан юм.

 

Софи эхний шатанд Альбервилээс зургаан санал илүү авсан ч дараа дараагийн шатанд ялагдсаар олимп зохион байгуулах мөрөөдлөө хойшлуулахад хүрчээ.


                                                                                     Сонирхолтой баримтууд

 

Францчууд энэ чуулганаар зуны олимпын төлөө нийслэл Парис хотоо мөн сойгоод байсан юм. Харин ОУОХ нэг улсад өвөл, зуны олимпыг зэрэг өгөхгүй гэсэн бодлого баримталж байв. Тиймээс Альбервиль ялснаар Парисын найдвар талаар болжээ.

 

Мөн энэ чуулганаар өвөл, зуны олимпыг тэгш тоотой жилүүдэд сөөлжин явуулж байх түүхэн шийдвэрийг гаргасан байна.

 

Том гүрнүүд задарч эхэлсэн энэ цаг үед болсон “Альбервиль-1992” өвлийн олимпын наадамд 64 орны 1801 тамирчин /488 нь эмэгтэй/ оролцож, дээд амжилтыг дахин эвдлээ.

 

Шорт-трек, фристайл болон эмэгтэйчүүдийн биатлон олимпын наадамд дебютээ хийсэн байна. Түүнчлэн олимпын наадмыг хүлээн авсан хот тэр жилээ паралимпыг зохиох жишиг энэ үеэс тогтжээ.

 

Францчууд олимпын наадмыг 13 ордон, цогцолборт явуулсан. Үүний ихэнхийг нь 1987-1990 оны хооронд босгожээ. Ташрамд сонирхуулахад, тэд зөвхөн нээлт, хаалтын ёслолд зориулж 35 мянган хүний суудалтай “Thеаtre des Cеrеmonies”-ийг ашиглалтад оруулсан юм. Нийт бүтээн байгуулалтын зардалд 1.2 тэрбум ам.доллар зарцуулжээ. Сүүлийн үед олимп зохион байгуулсан хотууд дандаа ашиг олж байгаа ч Альбервиль 67 сая долларын алдагдал хүлээсэн тооцоо гарч байв. Францчууд олимпын үеэр нийтийн тээврийн сүлжээг оновчтой зохион байгуулж, олон нийтээс талархал хүлээжээ.

 

Энэ олимпын гол баатар нь норвеги цаначин Бьорн Дэли байлаа. Цагаан олимпоос нийт 8 алт авч, дээд амжилт тогтоосон тэрбээр Альбервилээс 3 алт, нэг мөнгөн медальтай буцсан юм. Тэрбээр 15, 50 км-ийн хувийн уралдаан болон 4х10 км-ийн буухиад алтан медаль авч, 30 км-т аман хүзүүджээ. Харин 10 км-т дөрөвдүгээр байр эзэлсэн байна.


 

Буухиа уралдаанд тэрбээр багийнхаа сүүлийн гишүүн байсан бөгөөд арын өрсөлдөгчөөсөө минут хагасаар түрүүлэн барианд оржээ. Ер нь норвегичууд эрэгтэйчүүдийн цанын бүх алтыг хамсан юм.

 

Цанын эрчүүдийн уралдаанд Б.Дэли давамгайлсан бол бүсгүйчүүд дунд Оросын Любовь Егорова ноёллоо. Хожим олимпын 6 алт, 3 мөнгийн эзэн болсон энэ бүсгүй “Альбервиль-1992”-оос 3 алт /10, 15, 4х5 км/, 2 мөнгөн медаль /5, 30 км/ авчээ.

 

Трамплинаас харайлтад Финландын 16 настай Тони Ниеминен 2 алт, нэг хүрэл медаль авч, томхон сенсаац дэгдээлээ. Тэрбээр цагаан олимпоос медаль авсан хамгийн залуу эрэгтэй тамирчин болж түүхэнд үлджээ.

 



Өмнөх олимпоос хоёр алт авсан Италийн уулын цаначин А.Томба энэ удаа ч амжилтаа үргэлжлүүлж, алт, мөнгөн медаль нэжгээдийг хүртжээ.

 

Олимпын хөтөлбөрт анх удаа багтсан эмэгтэйчүүдийн биатлоны гурван алтыг Франц, Герман, ТУХН-ийн тамирчид авав. Харин буухиа уралдаан олимпод багтсанаас хойш алтан медалийг бусдад алдаж үзээгүй Оросын эрчүүд энэ удаа Германы багийг барсангүй. Тэд урьдын адил бүх сумаа байнд нь зоосон ч немцүүд мөн адил мэргэн бууджээ.

 

Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд япон гаралтай америк бүсгүй К.Ямагүчи түрүүлж, Японы М.Ито үзүүрлэв. Ингэснээр тэд олимпын уран гулгалтаас медаль авсан анхны ази тамирчид болж түүхэнд үлдсэн юм. Итогийн хувьд олимпын үеэр гурвалсан акселийг амжилттай гүйцэтгэсэн анхны тамирчин болжээ.


 

Олимпын үеэр анхны гэх тодотголтой олон явдал болж түүхэнд үлдсэн байдаг. Тухайлбал, БНСУ анхны алтан медалиа шорт-трекийн төрлөөр авсан бол хятадууд шорт-трек, гүйлтийн тэшүүрээр олимпын анхны медалиа өөрийн болгожээ. Түүнчлэн бөмбөрцгийн өмнөд хэсгээс өвлийн олимпын анхны медальтан төрлөө. Шинэ Зеландын уулын цаначин Аннелиз Кубербергер эмэгтэйчүүдийн слаломын төрөлд улсынхаа түүхэн дэх эхний медалийг авчирсан байна.

Олимпын наадмын хамгийн сонирхолтой төрөл болох хоккейн тэмцээнд ТУХН буюу оросууд түрүүлсэн нь бяцхан сюрприз байв. Зөвлөлтүүд өмнөх олимпын аварга, нийт долоон алтан медальтай хүчирхэг баг хэдий ч 1992 он гэхэд ихэнх шилдэг тоглогчид нь NHL-д хүчин зүтгэж байсан тул бүрэлдэхүүн нь эрс сулраад байв. Тухайн үед олимпын үеэр NHL-ийн улирлын тоглолт үргэлжлэн явагддаг байсан тул шилдэг хоккейчид нь багтаа тусалж чадсангүй. Гэвч А.Хомутов, В.Быков нар залуу тамирчидтай нэг баг болон оролцоод финалд эртний заналт өрсөлдөгч Канадыг 3:1-ээр буулган авсан юм.

 

Өмнө нь Зүүн, Баруунаар хуваагддаг байсан германчууд энэ удаа нэг улс болон оролцож, багийн дүнгээр тэргүүллээ. Тэд нийт медаль болоод алтынхаа тоогоор ТУХН-ийн багийг ардаа орхисон юм.

 

Монголчууд Альбервилийн олимпод цана, тэшүүрийн төрлөөр дөрвөн эрэгтэй тамирчинтай оролцов. Тамирчин Г.Мерей цанын 10 км-т 82, 30 км-т 73, 50 км-т 64, 15 км-т 77 дугаар байрт орсон бол З.Ганбат 10 км-т 83, 15 км-т 84, 30 км-т 78 дугаарт орсон байна.

 

Түүнчлэн А.Содномдаржаа тэшүүрийн 1000 м-т 42, 1500 м-т 43, Н.Ганболд 5000 м-т 31, 10000 м-т 29 дүгээр байр тус тус эзэлсэн юм. 

 

МЕДАЛЬ АВСАН ОРНУУД

 

Улс                         Алт    Мөнгө    Хүрэл     Нийт

 

1. Герман                10       10            6            26

2. ТУХН                     9         6             8           23

3. Норвеги               9         6             5           20

4. Австри                  6        7              8           21

5. АНУ                       5        4              2           11

6. Итали                   4         6              4           14

7. Франц                  3         5              1            9

8. Финланд              3         1               3           7

9. Канад                   2         3               2           7

10. БНСУ                  2         1               1           4

11. Япон                  1          2              4           7

12. Нидерланд         1         1              2           4

13. Швед                  1         -               3           4

14. Швейцар            1         -               2           3

15. БНХАУ                -           3             -            3

16. Люксембург      -           2             -            2

17. Шинэ Зеланд     -           1             -            1

18. Чехословак       -            -              3           3

19-20. БНАСАУ       -            -              1           1

19-20. Испани        -            -              1           1

 

Нийт                      57         58            56        171

 

Холбоотой мэдээ