Монгол, Беларусийн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг баталлаа

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2022-01-26 13:14:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ  сарын 24-нд тохиосон юм.


Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Беларусь Улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Борисевич нар хамтран баталсан байна. Энэхүү төлөвлөгөөнд бизнес эрхлэгчдийн уулзалт, соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах, 30 жилийн ойн нэрэмжит Найрамдлын төглийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  байгуулах зэрэг иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг бүтэн жилийн турш хамтран зохион байгуулахаар тусгажээ.


Энэ онд хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, хөдөө аж ахуйн болон тээврийн харилцааны хамтарсан хороо, ажлын хэсгийн хуралдаануудыг зохион байгуулж, 30 жилийн харилцааны ололт амжилт, үр дүнг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийг тодорхойлно.

Холбоотой мэдээ