Бээжингийн Олимпод оролцох БНСУ-ын төлөөлөгчдийг Спортын сайд ахална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-01-26 11:37:37

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Хван Хи Бээжингийн өвлийн Олимпын наадамд оролцох Засгийн газрын төлөөлөгчдийг ахална гэж тус яамнаас мягмар гарагт мэдээлэв.


Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх хоёрдугаар сарын 4-20-нд болох тэмцээнд оролцохоор БНХАУ-ын нийслэлийг зорихгүй болсон тул Засгийн газар Спортын сайд Хван Хигээр төлөөлөгчдийн багийг ахлуулахаар шийдвэрлэсэн гэж яамны мэдэгдэлд дурджээ.


Спортын сайд Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-нд болох нээлтийн ёслолд оролцож, БНСУ-ын тамирчдын тэмцээнийг үзэж, дэмжлэг үзүүлэн урам зориг өгөх ажээ.


Засгийн газрын төлөөлөгчдийг ахлах албан тушаалд Хван Хигийн хамт Боловсролын сайд бөгөөд Нийгмийн асуудал эрхэлсэн шадар сайд Ю Ын Хэ өрсөлдөж байгаа гэх таамаглал гараад байсан юм. Гэвч Хөх ордны өндөр албан тушаалтан мягмар гарагт энэ талаарх мэдээллийг няцаасан байна.  


БНСУ-ын Пёнчан хотноо 2018 онд болсон өвлийн Олимпын нээлтийн ёслолд БНХАУ шадар сайдын түвшний төлөөлөгчөө илгээсэн юм.


“Бид хэнийг төлөөлөгчөөр илгээх вэ гэдгээс илүү өмнөх өвлийн Олимпыг зохион байгуулсан орны хувьд холбогдох үүргээ гүйцэтгэхэд түлхүү анхаарах хэрэгтэй” гэдгийг Хөх ордны төлөөлөгч онцлон хэлсэн байна.


АНУ тэргүүтэй хэд хэдэн орон Хятад дахь хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэх үүднээс Бээжингийн өвлийн Олимпын наадамд дипломат аргаар эсэргүүцэл илэрхийлж буй бөгөөд БНСУ үүнд нэгдээгүй юм.


Үндэсний ассамблейн дарга Пак Бён Сыгийн хувьд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшугийн урилгаар Бээжин хотноо хоёрдугаар сарын 3-6-нд айлчлах хугацаандаа нээлтийн ёслолд оролцоно. Мөн тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний зохион байгуулах үдийн зоогт оролцож, Хятад дахь БНСУ-ын иргэдтэй уулзах ажээ. 

Холбоотой мэдээ