Монгол, Чехийн хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг батлах талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-01-20 19:43:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Чех улсад суугаа Элчин сайд Д.Гансүх Чехийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн С.Берковецтой уулзав. Уулзалтаар Элчин сайд Д.Гансүх Чехийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн С.Берковецод дахин сонгогдсонд нь баяр хүргэхийн сацуу Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Элчин сайд Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Чехийн Төлөөлөгчдийн танхимаар батлуулахын чухлыг тэмдэглэж, шинээр байгуулагдсан парламентад Чех, Монголын Парламентын бүлэг байгуулахаар ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Ноён С.Берковец Чех, Монголын Парламентын бүлэг байгуулж, түүнийг тэргүүлж ажиллах хүсэлтээ холбогдох журмын дагуу мэдүүлээд байгаа гээд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг батлуулахад онцгой анхаарч ажиллахаа нотлов. Тэрээр өмнөх Парламентдаа Сонгуулийн Байнгын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд мөн Чех, Монголын парламентын бүлгийн гишүүн байв. Уулзалтад Европын телемедицин буюу зайнаас анагаах, оношлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөлөл оролцож, хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл, санал солилцов.

Манай хоёр улс Нийгмийн хамгааллын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2019 онд Прага хотноо гарын үсэг зурсан бөгөөд манай УИХ энэхүү хэлэлцээрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-нд соёрхон баталсан билээ. Одоо хэлэлцээрийг Чехийн Төлөөлөгчдийн танхим соёрхон баталж, тус улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.

Холбоотой мэдээ