УИХ-ын намрын чуулганы тоон үзүүлэлтүүд

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-01-20 13:09:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 өдөр чуулж, Байнгын хороод 97 удаа, Дэд хороод 5 удаа, Түр хороод 9 удаа, нийт 111 удаа хуралдаж, 243 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн дүнтэйгээр өндөрлөж байна” гэж УИХ-ын дарга намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцолжээ (2022-1-17).


Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасан байдаг. УИХ-ын намрын чуулганаар  иргэний мэдэх эрхийн хүрээнд хувь хүний нууцыг хуулиар хамгаалах үндсэн эрхийг баталгаажуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдгээр хуулиар хүний үндсэн эрхийг баталгаажуулж 5 төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод, нээлттэй байлгаж, ямагт шинэчилж байх үүргийг бий болгосон аж.


Иргэний мэдэх эрхийн хүрээнд 68 мэдээлэл ил болсноор шударга ёс, хариуцлага бэхжиж, иргэний тэгш эрх хангагдана гэж хууль тогтоогчид үзсэн байх юм. Эдгээр мэдээлэл ил болсноор  төрийн байгууллагын ажлын байрны  сул орон тоон дээр мэргэжилтнүүд өрсөлдөх боломж нээлттэй болох эрх зүйн орчин бүрдсэн гэж ойлгож болох бололтой. Түүнээс гадна шалгаруулах гэж бөөн юм болдог. Шалгарсны дараа араасаа зарга заалхай дагуулдаг тендерт шалгарсан болон шалгараагүй үндэслэл, шалтгаан нээлттэй байхаар болжээ. Ингэснээр тендерийг “хуудуутай” явуулах нүх сүв хаагдана гэж хууль тогтоогчид үзжээ. Мөн барилга байгууламж ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт нээлттэй ил тод болох нь тодорхой болжээ.  


УИХ бүх нийтээр хэлэлцүүлж Үндсэн хуульд 2019 оны 11 сард нэмэлт оруулсан байдаг. Эцэг хуулийн нэмэлтийг 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс бүх нийтээр дагаж мөрдөж эхэлсэн  билээ. Үндсэн хуулийн нэмэлтэд нийцүүлэх үүднээс   16 хуулийн шинэчилсэн найруулга, өөрчлөлт оруулах тухай 234 хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 5 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 6 хууль, УИХ-ын 39 тогтоолыг хэлэлцэж баталсан байна. Үндсэн хуулийн нэмэлтэд хуулиудыг нийцүүлэх үйл ажиллагаа 2022 онд үргэлжилнэ гэж УИХ-ын дарга хэлсэн үгэндээ дурджээ.  


УИХ-ын намрын отгон чуулганаар,  2022 оны хаврын УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоол баталсан байна. УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх явцаас харахад УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр УИХ дахь Монгол Ардын намын бүлгээс 24 санал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 18, Монгол Улсын Засгийн газраас 26, Байнгын хорооноос 19, мөн УИХ-ын гишүүнээс 2 хууль, 1 тогтоолын төсөл, нийт 89 хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлжээ. УИХ-ын дээрх тогтоолыг батлах  санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тогтоол хэлэлцэх явцад гишүүдийн хэлсэн үгнээс харвал нийгэмд хүлээлт үүсгэсэн хэд хэдэн хуулийн төсөл оржээ. Тухайлбал  Засгийн газраас өргөн мэдүүлсэн “нийгмийн даатгалын багц хуулийн тухай” УИХ-ын гишүүн М. Оюунчимэг хөнджээ. Тэрбээр хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ хуулийн нэр ороогүй байна. Гэхдээ зайлшгүй хэлэлцэгдэх ёстой багц хууль хэмээн онцолсон байх юм.


Ер нь нийгмийн даатгал, тэр дундаа тэтгэвэр тэтгэмж иргэдийн ярианы гол сэдэв байдаг. Үнэхээр олон хүний амьдрал ахуйтай холбоотой. Энэ асуудлын эргэн тойронд дээрх багц хуулийн хүрээнд олон зүйл яригдах нь тодорхой байгаа бололтой. Гэхдээ Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 19-гий хурлаар ирэх онд  тэтгэв тэтгэмж, иргэдийн орлогыг хэрхэн нэмэх талаар дэлгэрэнгүй судалгаа хийх шийдвэр гаргахаар болсон талаар Сангийн сайд  Б. Жавхлан мэдээлэл өгч байна. Түүнээс гадна нийгмийн даатгалын тогтолцоо, тэтгэвэр бодох  аргачлалыг шинэчлэх тухай өргөн хүрээнд 2022 онд яригдах бололтой.  УИХ-ын хаврын чуулган 3 дугаар сарын 15-нд эхэлнэ. 

Холбоотой мэдээ