Хоногт бүртгэгдэж буй коронавируст халдварын 90 хувийг омикрон хувилбар эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-19 14:03:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад хоногт бүртгэгдэж буй коронавируст халдварын 90 гаруй хувийг омикрон хувилбар эзэлж байгааг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Уг хуралд УОК-оос коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Монгол Улсад коронавируст халдвар өнгөрсөн долоо хоногийн мөн үеийнхээс 9000-аар нэмэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 95 хувь нь хөнгөн байгаа ч, халдварын тоо их байгаа тул хүндрэх хүмүүсийн тоо ч олшрох магадлалтайг ЭМЯ-ны удирдлагууд дурдсан байна.


Ташрамд дурдахад, дэлхий нийтэд энэ сарын 1-ний байдлаар коронавируст халдварын нийт тохиолдлын 44 хувийг эзэлж байсан бол, энэ сарын 13-нд 60-73 хувьд хүрчээ.


Энэ сарын 18-ны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 66.6 хувь нь коронавирусний бүрэн тунд хамрагдсан бол, гуравдугаар тунд 30 хувь нь хамрагджээ. Харин дөрөвдүгээр тунд 49 504 иргэн хамрагдсан байна.

Холбоотой мэдээ