УИХ 2022 оны хаврын чуулганаар 89 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

Монголын мэдээ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-18 19:15:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг баталлаа. 


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлэх саналууд ирсэн. Үүнд, УИХ дахь Монгол Ардын намын бүлгээс 24 санал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 18, Монгол Улсын Засгийн газраас 26, Байнгын хорооноос 19, мөн УИХ-ын гишүүнээс 2 хууль, 1 тогтоолын төсөл, нийт 89 хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлсэн байна.

Түүнчлэн “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэнэ гэж тусгажээ. 


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжсэн талаарх, санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа. 


Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн нарын гишүүн асуулт асууж хариулт авлаа. 


Ингээд тогтоолын төслийг батлуулахыг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. 

Холбоотой мэдээ