Агаарын тээвэрлэлт 2.3 дахин нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-18 15:30:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаараар өнгөрсөн онд 6.4 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 3.7 (2.3 дахин) мянган тонноор нэмэгдлээ.


Өнгөрсөн онд агаараар дотоодод 15.1 тонн ачаа тээсэн нь өмнөх оныхоос 82.4 (84.5 хувь) тонноор багассан байна. Олон улсад тээсэн ачаа 6.4 мянган тонн болж, өмнөх оныхоос 3.8 (2.4 дахин) мянган тонноор нэмэгджээ. Харин агаараар тээвэрлэсэн ачаа 2021 оны 12 дугаар сард 1.4 мянган тонн болж, өмнөх сарынхаас 204 (16.5 хувь) тонноор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Агаарын тээврээр зорчигчид 2021 онд 198.5 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оныхоос 249 (55.6 хувь) мянган хүнээр багаслаа. Агаарын тээврээр зорчигчид өнгөрсөн 12 дугаар сард 34.5 мянга болж, өмнөх сарынхаас 8 (30.1 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна. Үүнд Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлийн зорчигч 4.8, Улаанбаатар-Пукет-Улаанбаатар чиглэлийн зорчигч 3.2, Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигч 59.5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Агаарын тээврээр орон нутагт зорчигчид 2021 онд 98.3 мянган хүн болж, өмнөх оныхоос 187.4 (65.6 хувь) мянган хүнээр багасав. Үүнд Мөрөн чиглэлийн зорчигч 86.4, Оюутолгой-Даланзадгад чиглэлийн зорчигч 80.6, Улаангом чиглэлийн зорчигч 78.8 хувиар багассан нь нөлөөлсөн аж.


Агаарын тээврээр олон улсад зорчигч өнгөрсөн онд 100.3 мянган хүн болж, өмнөх оныхоос 61.5 (38 хувь) мянган хүнээр цөөрлөө. Харин 2021 оны 12 дугаар сард 20 мянган хүн болж, өмнөх сарынхаас 5.3 (36 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна.


Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2021 онд 200.1 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 36 (21.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого өнгөрсөн 12 дугаар сард өмнөх сарынхаас 8.4 (33.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 33.7 тэрбум төгрөг болжээ. Үүнд дотоодын нислэгийн зорчигч 22.7, олон улсын нислэгийн зорчигч 36 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. 

Холбоотой мэдээ