Хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-01-11 17:39:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа.

 

Эваристе Коуасси-Комлан 2021 оны 11 дүгээр сард Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017-2021 онд улс орнуудад хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд дуусаж үр дүнгээ дүгнэн цэгнэж буй юм. 2022-2027 он хүртэлх ирэх 5 жилийн хугацаанд улс орнуудад хэрэгжүүлэх төслүүдээ төлөвлөж байгаа цаг үед боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцож байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан илэрхийлээд, хамтран ажиллах хэд хэдэн санал дэвшүүллээ.

Үүнд:

-Гурав хүртэлх насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

-Боловсролын салбарын цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгүүдийн цахилгаан эрчим хүч, интернэт холболтыг шийдвэрлэхэд GIGA төсөл дээр хамтарч ажиллах

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үндэсний цөөнхийн хүүхэд бүрийг тэгш хамран сургах гэсэн 3 чухал асуудалд хамтран ажиллахыг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчөөс хүслээ. 


 НҮБ-ын Хүүхдийн сан өнгөрсөн 5 жилийн хугацаанд боловсролын салбарт 12 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.


Холбоотой мэдээ