Цэцэрлэг хотын ус хангамжийн эх үүсвэрүүдэд эрүүл ахуйн бүс тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-11 11:08:05

Архангай /МОНЦАМЭ/. Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас Архангай аймгийн хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох ажлын хүрээнд Цэцэрлэг хотын төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрүүдэд эрүүл ахуйн бүс тогтоожээ.

Аймгийн 19 сумын хэмжээнд гол горхи, булаг шанд, нуур тойрмын онцгой хамгаалалтын бүсийн хил заагийг усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд тогтоосон байна.

Энэ нь усны нөөцийг бохирдох, хомсдохоос хамгаалах, үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангах зорилготой аж.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтоохоор заасан байдаг.

Хот суурин газрын төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс 50 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хориглолтын бүс, 200 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтоодог байна.

Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд газрын өнгөн хөрсийг эвдрэл элэгдэлд оруулах, мод бут огтлох, элс, хайрга, чулуу олборлох, цэвэрлээгүй хаягдал бохир ус, хог хаягдал хаях, хагядлын сан байршуулах, судалгаа шинжилгээ, унд ахуйн бус зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх, бүх төрлийн бордоо, пестицид хэрэглэх, шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах, мал амьтны гаралтай түүхий эд хадгалах, боловсруулах, орон сууц, үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглах, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох, гадны хүн орох, авто тээврийн болон бусад хэрэгсэл байрлуулах, мал бэлчээх, мал аж ахуй болон туслах аж ахуй эрхлэх, ногоо тарих гэх мэтчилэн олон үйл ажиллагаануудыг хориглодог байна.

Орхон-Чулуут голын сав газрын захиргаанд хэмжилт судалгааны ажлын үр дүнг 19 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүд танилцуулж, сум орон нутгийн онцлогийг харгалзан саналыг авч ажиллажээ.

Усны тухай хуулиар “усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай тэдгээрийн хамгаалалтын бүсийг газрыг гэж тодорхойлсон бол Газрын тухай хуульд “усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, мөрөн, гол, горхи, булаг шанд, манх цас мөсөн голын эзэлж байгаа талбайг” гэж өөрөөр тодорхойлсон байдаг байна. 

Холбоотой мэдээ