Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах хуулийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-09 10:54:19

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд /ШУӨЗО/ “уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлэхээс хамгаалах тухай” хуулийн төслийг лхагва гарагт баталлаа.


ШУӨЗО-оос бараа бүтээгдэхүүн импортлоход хязгаарлалт тогтоох, мөн АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, Хятадын энэ бүс нутагт "хүний ​​эрхийг зөрчсөн" хувь хүн, байгууллагуудад хориг арга хэмжээ авахаар тусгасан уг хуулийн төслийг батлахыг 428 хууль тогтоогч дэмжиж, нэг гишүүн эсэргүүцсэн байна. Санал хураалтыг “C-SPAN” телевизээр шууд дамжуулжээ. 


“Axios” цахим хуудсанд мэдээлснээр, долоодугаар сард Сенатын танхим үүнтэй ижил төстэй санаачилгыг баталсан тул одоо Конгрессын хоёр танхим хуулийн төслийн хоёр хувилбарыг зөвшилцөх шаардлагатай болно. Баримт бичгийг тус улсын Ерөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар хэдийд хүргүүлэх, тэрбээр энэ баримт бичгийг батлах эсэх нь тодорхойгүй байна.  


Бээжингийн Баруун орнуудтай харилцах харилцаанд үүссэн хурцадмал байдал даамжирсан нь Хятад дахь үндэсний цөөнхийн эрхтэй холбоотой сэдвээс үүдэлтэй. Барууны орнууд БНХАУ-ыг засан хүмүүжүүлэх газруудын сүлжээ бий болгож, нэг сая хүртэл тооны уйгур үндэстнийг хорьж, тэнд байгаа хүмүүсийн хөдөлмөрийг ашиглаж байна гэж буруутгаж буй юм.


Хятадын эрх баригчид ШУӨЗО-д хорих  байгууллагуудын сүлжээ бий болгож байна гэх мэдээллийг удаа дараа няцаасаар ирсэн. Энэ хавар АНУ, Канад, Европын Холбоо болон Их Британи Хятадын хэд хэдэн албан тушаалтныг уйгуруудын эрхийг зөрчихөд оролцсон хэмээн буруутгаж, хориг арга хэмжээ авсан билээ. 


Холбоотой мэдээ