Японы тэрбумтан Оросын "Союз" хөлгөөр сансарт нислээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-12-08 17:01:54

БАЙКОНУР. /RIA Novosti/. Японы тэрбумтан Юсакү Маэзава "Союз МС-20" хөлгөөр сансарт нислээ. Уг хөлгийг "Союз-2.1а" пуужингаар тойрог замд оруулсан байна. Пуужинг Москвагийн цагаар 10 цаг 38 минутад “Байконур” сансрын буудлаас хөөргөжээ.


“Союз” хөлөг Олон улсын сансрын станцтай /ОУСС/ Москвагийн цагаар 16 цаг 41 минутад залгагдах төлөвтэй байна.  Юсакү Маэзава өөрийн туслах Ёзо Хирано, гурван хүний суудалтай “Союз” хөлгийг удирдах Оросын сансрын нисэгч Александр Мисуркин нарын хамт нисжээ. Өдгөө 44 настай Александр Мисуркин өмнө нь хоёр удаа тойрог замд ажиллаж байсан байна.


Маезава туслахын хамт ОУСС-д 12 хоногийг өнгөрүүлэхдээ баримтат кино бүтээж, “YouTube” сувгаар нийтэд үзүүлэхээр төлөвлөсөн байна. Маэзава, Хирано нар 12 жилийн дараа “Союз” хөлгөөр ОУСС руу ниссэн анхны сансрын жуулчид болжээ. 


Өдгөө 46 настай Маэзава нь Японы бэлэн хувцасны хамгийн том онлайн дэлгүүрийг үүсгэн байгуулагч юм.


Холбоотой мэдээ