“Ур чадвар-2021” уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-07 18:31:03

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Политехникийн коллеж тогооч мэргэжлийн ангийн сурагчдынхаа дунд ур чадварын уралдааныг албан ёсоор зохион байгуулсаар 4 дэх жилтэйгээ золгож байна. Энэхүү уралдаанд Зуунмод сумын Политехникийн коллежийн тогооч мэргэжлийн 2-р дамжааны нийт 43 хүүхэд чадамжийн нэгжийн 50 гаруй бүтээгдэхүүнээр өрсөлджээ.

Тус уралдаанд шалгарсан сурагч цаашлаад бүс болон улсын уралдаанд оролцох эрхээ авах юм. Зуунмод сумаас тогооч мэргэжлийн 2-р дамжааны сурагч Батчулууны Баярбат шалгарч бүсийн уралдаанд оролцох эрхийг авсан байна. Уг уралдааныг 2018 онд Заамар сум, Баянчандмань, Эрдэнэ, Зуунмод сумын нийт 4 политехникийн коллежийн дунд өргөн хэлбэрээр зохион байгуулж байсан бөгөөд урьд жилүүдэд улсын хэмжээний ур чадварын тэмцээнд амжилттай оролцож байсныг албаныхан онцоллоо.



Энэхүү уралдааныг суралцагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн дадлагын сургалтаар эзэмшсэн шинэ мэдлэг, сүүлийн үеийн шинэлэг технологийг сургалтад нэвтрүүлэх, бусдадаа түгээн дэлгэрүүлэх, цаашид аймаг, бүс, улсын уралдаанд оролцох сургуулийн шилдэг суралцагчийг тодруулах зорилгоор зохион байгуулсан байна.

Зуунмод сумын Политехникийн коллеж нь 12 мэргэжлийн чиглэлээр сурагчдыг бэлтгэдэг бөгөөд тогоочийн ангийн “Дөрвөн бэрх” нарийн боовны цуглуулга, “Оюутны торт” гэсэн 2 төрлийн брэнд бүтээгдэхүүнтэй ажээ. 

Холбоотой мэдээ