Дөрөлж нуурт цөмөрсөн машиныг татан гаргах ажиллагаа үргэлжилж байна

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-12-04 10:57:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур гэдэг газар шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрсөн. Тус газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Мэргэжлийн хяналтын газар, сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид хамтран татан гаргах ажиллагааг 3 дахь өдрөө зохион байгуулж байна.

Өчигдөр  6 метрийн өргөн, 8 метрийн урт талбайн мөсийг зүсэж зайлуулсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул түр зогсоож өнөө өглөө 9.00 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Дөрөлж нуурын мөсний зузаан 40 см, усны гүн нь 3.1 метр байна.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй  байхыг  Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулан сэрэмжлүүлж байна.


Холбоотой мэдээ