Аун Сан Су Чи 100 жилийн хорих ял авч магадгүй байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-12-01 14:23:41

ТОКИО. /Kyodo/. Цэргийн эргэлт гарсны дараа баривчлагдсан Мьянмарын “Ардчиллын төлөөх Үндэсний лиг” намын удирдагч Аун Сан Су Чи хэрэв шүүх түүний эсрэг үүсгэсэн бүх хэрэгт буруутай гэж үзвэл нийт 100 жил хоригдох ял авч магадгүй байна.


Мягмар гарагт цэргийн эрхтнүүд Аун Сан Су Чиг шинэ авлигын хэрэгт буруутгасан байна. Энэ өдөр мөн шүүх хурал болох төлөвтэй байсан ч ямар нэг тайлбар өгөлгүй 12 дугаар сарын 6-ныг хүртэл хойшлуулжээ.


Өдгөө 76 настай Аун Сан Су Чиг одоогоор Мьянмарыг Их Британийн колони улс байсан жилүүдэд батлагдсан төрийн нууцыг задруулахгүй байх тухай хуулийг зөрчсөн гэх зэрэг нийт 10 хэрэгт буруутгаж байгаа юм. Аун Сан Су Чигийн эсрэг нээсэн хэргүүдийг жагсаан харвал ихэнх нь авлигын хэрэгтэй холбоотой байна. Тухайлбал, нисдэг тэрэг худалдаж авахад улсын мөнгийг шамшигдуулсан, 600 мянган ам.доллар, алтан эдлэл хахуульд авсан зэрэг хэрэгт буруутгажээ.


Аун Сан Су Чи төрийн зөвлөхийн хувиар Мьянмарын иргэний засгийн газрыг удирдаж байсан юм. Мьянмарын цэргийн хунт энэ оны хоёрдугаар сарын 1-нд төрийн эрх мэдлийг булаан авч, сонгуульд ялсан ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг хорьсон билээ. 


Холбоотой мэдээ