Сумын заан М.Төрбат түрүүлж “Арслан” цолны болзол хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-26 18:04:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100, Дархан хотын 60, Улс тунхагласны 97 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн цол олгох хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.

Аймгийн Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар хамтран спортын ордонд зохион байгуулсан уг барилдаанд арван аймгийн арслан цолтон тэргүүлэн зодоглосон аж. Барилдааныг цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийн дор үзэгчгүйгээр зохион байгуулж, коронавирусний халдварын эсрэг гуравдугаар тунд хамрагдсан бөхчүүд оролцжээ.

Үндэсний бөхийн аймгийн цол олгох барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу 128 бөх барилдсанаас Дархан-Уул аймгийн Дархан сум "Дархан Хайрхан дэвжээ"-ний залуу бөх Б.Загарзүсэм, сумын заан Л.Мөнхтулга нар тав даван аймгийн начин цолны болзол, Дархан-Уул аймгийн Шарын гол сум "Дархан татах хэсэг"-ийн бөх аймгийн Харцага Ж.Бадрал зургаа даван үзүүрлэж, аймгийн заан цол, Дархан-Уул аймгийн Дархан сум "Дархан Хайрхан дэвжээ"-ний бөх сумын заан М.Төрбат долоо даван түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангалаа. Хүчит бөхчүүдийн 80 гаруй хувь нь Дарханыхаа нэрийг улс, аймаг, олон улсад гаргаж яваа энэ цагийн шилдэг бөхчүүд байлаа.

Ташрамд, Дархан хотын 60 жилийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлж байсан бөх Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн хурц арслан Дондогийн Наранцогт ажээ. Тэрээр аймгийн барилдаанд таван удаа түрүүлсэн аж.

 

Холбоотой мэдээ