Халдварын тохиолдол өмнөх долоо хоногоос буурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт коронавирусний халдвар буурч байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд халдвартай 942 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 112 тохиолдлоор, 17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл 59 тохиолдлоор тус тус буурчээ. Аймгийн хэмжээнд урлаг соёл, спортын бусад үйл ажиллагааг заал дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн. Улс, аймгийн чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулагч тал аймгийн Онцгой комиссын Шуурхай штабтай халдвар хамгааллыг мөрдүүлэн ажиллах хариуцлагын гэрээ байгуулна. Сум багийн хэмжээний уралдаан тэмцээнийг тухайн сумын Онцгой комисстой хариуцлагын гэрээ байгуулан зохион байгуулах юм. Сургууль, цэцэрлэгийг танхимаар болон цахимаар орох эсэх асуудлыг тухайн сумын Онцгой комисс шийдвэрлэнэ.