Мьянмарын Ерөнхийлөгч Монголд айлчилж, АСЕМ-д оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-11 16:07:13

ЯНГОН. /Xinhua/. Мьянмарын Ерөнхийлөгч У Тхин Чжо Монгол Улсад айлчилж, Улаанбаатар хотноо болох гэж буй Ази-Европын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Мьянмарын Ерөнхийлөгчийн тамгын газрын албаны хүмүүс энэ тухай мэдэгдлээ.

Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн сард Мьянмарт хийсэн айлчлалын хариу айлчлал юм. Ази-Европын уулзалт буюу АСЕМ долдугаар сарын 15-16-нд болно.

Нейпьидо хотноо У Тхин Чжо болон Ц.Элбэгдорж нар хэлэлцээ хийхдээ хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон юм.

Уг айлчлалын үеэр соёлын хамтын ажиллагааны талаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Мьянмар болон Монгол Улс 1956 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд тус хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ