Ерөнхийлөгч дуут сум тавьж наадамчин зон олонтой мэндчиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-07-11 15:50:54

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Сурын талбайгаар зочилж, дуут сум тавьж, наадамчин зон олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Ерөнхийлөгч хэлэхдээ: "Хотол олноороо сайхан наадамлаж байна уу. Монгол түмнийхээ амар амгаланг айлтгая. Сурын зурхай дээрээс дуут сум тавилаа. Дуут сум гэдэг бол алив баяр наадам их үйл хэргийг нээхдээ харвадаг заншил юм. Энэ жилийн наадам маш сайхан эхэллээ. Олон түүхт он давхацсан наадам болж байна. Их Монгол улс байгуулагдсан жил буюу 10 жилд нэг удаа 1024 бөх барилддаг наадам тохиож байгаа гэдгээрээ онцгой. АСЕМ-ын уулзалтын дараа аймаг сумдын наадам болно. Хөдөө орон нутгаас алдар цуутай бөхчүүд, хурдан хүлгүүд, эрхий мэргэн харваачид иржээ. Энэ жилийн наадам их өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан наадам болно гэж бодож байна. Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, наадамчин олноо баясгаж, тугаа дэвж тойрлоо. Би наадмаа 8 дахь жилдээ нээж байна. Үүнийгээ маш их бэлгэшээж байна. Учир нь би 8 хүүтэй айлын хүү байгаа юм. Ийм сайхан бэлгэдлээр наадмаа нээсэндээ баяртай байна. Монгол түмний минь буян заяа, аз хийморь улам өөдрөг байг. Та бүхэн сайхан наадаарай” гэв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ