Сүүн замын гаднаас анх удаа жижиг хар нүх илрүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-11-12 16:40:15

ЛОНДОН. /TASS/. Их Британийн Жон Морсын Их сургуулийн эрдэмтэн Сара Сарацино удирдуулсан одон орон судлаачид шинэ судалгаа хийх үеэрээ анх удаа Сүүн замын гаднаас одны масстай хар нүх илрүүлжээ. Эрдэмтдийн судалгааг “Monthly Notices of the Royal Astronomical Society” сэтгүүлд нийтэлсэн байна.


Уг хар нүхийг манай галактикаас 163 мянга орчим гэрлийн жилийн зайд орших одой галактик болох Магелланы том үүлний “NGC 1850” оддын бөөгнөрлөөс илрүүлжээ. 


“Энэхүү хар нүх нь Нарнаас 11.1 орчим дахин хүнд. Магелланы том үүл галактикийн “NGC 1850” залуу оддын бөөгнөрөлд байрлах оддын нэгийнх нь хурд огцом өөрчлөгдсөний ачаар бид уг хар нүхийг нээсэн. Энэ нээлт нь оддын масстай хар нүхний "тооллого" явуулж, тэдний эрт үеийн хувьслыг судлах замыг нээнэ” гэж одон орон судлаачид ярьжээ.


Эрдэмтэд “NGC 1850” доторх оддын хөдөлгөөний хурд хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглахдаа анх удаа газар дээр суурилуулсан огторгуйн дуран ашиглажээ. Энэ нь Чили улсын 2635 м өндөр Серро-Параналь ууланд байрлах Европын өмнөд ажиглалтын төвийн нэг хэсэг болох Параналь ажиглалтын төвд суурилуулсан “VLT” огторгуйн дуран юм. Одон орон судлаачид өмнө нь ийм жижиг одны масстай хар нүхийг материйг залгих үед ялгарах рентген туяа, эсвэл хар нүхнүүд хоорондоо эсвэл нейтрон одтой мөргөлдөх үед үүссэн таталцлын долгионыг барьж авч илрүүлдэг байжээ.


Ажиглалтын явцад “NGC 1850” бөөгнөрлийн оддын нэг “NGC 1850 BH1” үе үе хурдаа 300 км/сек-ээр огцом өөрчилж байсан байна. Энэ нь түүнд үл үзэгдэх хамтрагч буюу Нарнаас 11.1 дахин хүнд хар нүх байгааг илтгэж байж магадгүй гэж эрдэмтэд таамаглажээ. Улмаар цаашдын ажиглалтууд уг од болон түүний үл үзэгдэх хөрш хоорондоо маш ойрхон байгааг харуулсан байна. Тиймээс хар нүхний таталцлын нөлөөгөөр од нь зууван хэлбэртэй байжээ. Одоогоор уг хар нүх оддын материйг өөртөө татаж эхлээгүй байгаа бөгөөд ойрын хэдэн сая жилд татаж эхэлнэ гэж эрдэмтэд үзэж байгаа аж.  


Өөр галактикаас жижиг хар нүх нээсэн нь нь оддын бөөгнөрөлд ийм объектууд хэр олон удаа үүсэн бий болдог, тэдгээрийн дараагийн хувьсал хэрхэн явагдаггийг судлах боломжийг нээж өгч байна гэж Сарацино болон түүний хамтран зүтгэгчид онцолжээ. Үүнийг ойлгох нь “LIGO”, “ViRGO” таталцлын долгионы ажиглалтын төвүүдэд бүртгэгдэж байгаа хар нүхнүүдийн нэгдэл хаана болж байгааг судлахад чухал ач холбогдолтой гэж эрдэмтэд дүгнэжээ.


Холбоотой мэдээ