Канадад вакцин хийлгэхээс татгалзсан 5500 гаруй эмч ажилгүй болж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-10-21 09:32:39

ОТТАВА. /CBC/. Канадын баруун нутгийн Британийн Колумб мужид 5500 гаруй эмч коронавирусний вакцин хийлгэхээс татгалзсаны улмаас ажлаасаа халагдаж магадгүй байгаа тухай мужийн Эрүүл мэндийн газрын дарга Эдриана Дикс мэдээлжээ.


Түүний мэдээлснээр, тус мужийн 130 мянга орчим эмнэлгийн ажилтны 96 хувь нь вакцины бүрэн тунг хийлгэсэн боловч 5512 эмч татгалзсаар байгаа аж. Эрх баригчдын шийдвэрийн дагуу эдгээр хүмүүс 10 дугаар сарын 26-ны дотор вакцин хийлгэх ёстой бөгөөд эс бөгөөс цалингүй ажлаасаа халагдана.


Өмнө нь мөн Квебек мужид 9000 сувилагч, асрагчийг оруулаад 15 мянга орчим эмнэлгийн ажилтан вакцин хийлгэхээс татгалзсаны улмаас ажлаасаа халагдаж магадгүй тухай мэдээлж байв. Тэд 10 дугаар сарын 15-ны дотор вакцин хийлгэх ёстой байсан боловч вакцинд хамрагдах эцсийн хугацааг эрх баригчид 11 дүгээр сарын 15 болгож хойшлуулжээ. Ийм олон тооны эмч нарыг халах нь мэргэжилтнүүдийн хурц хомсдолд ороод байгаа бүс нутгийн эрүүл мэндийн тогтолцоо бүхэлдээ нурахад хүргэж болзошгүй гэж зарим шинжээч үзэж байна. 


Холбоотой мэдээ