Завхан аймаг 20 сая мод тарьж ургуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-08 17:46:14

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 20 саяас доошгүй мод тарьж ургуулна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих тухай” А/368 дугаар захирамж гаргасан. Үндэсний хөдөлгөөний хүрээнд манай аймаг 2030 он хүртэл 20 саяас доошгүй мод тарьж ургуулна. Ингэхдээ жил бүр хоёр саяас доошгүй мод, бут сөөг тарих зорилт дэвшүүлэн, нээлтийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Орон нутагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн ажлыг аймгийн төв Улиастай, Их-Уул сум хийж иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн болон нийтийн эзэмшлийн талбайд мод бут тарилаа.



 

Зургаан төрлийн 1000 ширхэг мод тарьжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн үеэр зургаан төрлийн 1000 ширхэг суулгацыг тарилаа.

Тухайлбал Их-Уул, Улиастай суманд нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөгжимт жүжгийн театр, Их-Уул, Тосонцэнгэл, Улиастай сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Тосонцэнгэл, Түдэвтэй сум дахь Сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Энэ үеэр 111 аж ахуйн нэгж байгууллагын 396 албан хаагч оролцож, 7 га талбайд шинэс, гацуур, улиас, бургас, хайлаас, чацарганын суулгацыг тариад байна. Аймгийн хэмжээнд зургаан төрлийн 1000 ширхэг суулгац тарьсан. Модыг тарьсны дараа арчилж тордож ургуулах нь чухал юм. Тиймээс анх модны суулгацаа хэрхэн зөв суулгах, цаашид хариуцсан, тарьсан модоо хэрхэн арчилж ургуулах вэ гэхчлэн мод тарих ажилд оролцсон аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд мод тарих мэргэжил арга зүйн зөвлөгөөг манай байгууллагаас өгсөн. Энэ үеэр иргэдэд 200 ширхэг гарын авлага материалыг тараасан байна. Мөн аймгийн бусад 22 сум 10 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд тэрбум мод тарих үндэсний өдрийн нээлтийг хийж, тодорхой тооны мод тарихаар бэлтгэл ажлыг хангаад байгаа гэж аймгийн БОАЖГ-аас тус тус мэдээлэв. 



Холбоотой мэдээ