Казахстанд шатахуун түгээх 400 гаруй станц хаагдахад бэлэн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-09-27 12:16:36

НУР-СУЛТАН. /24.kg/. Казахстаны өмнөд хэсэгт орших Туркестан муж, Шымкент хотод шатахуун түгээх 400 гаруй жижиг станц хаагдахад ойрхон байна гэж “Atameken Business News” телевиз мэдээлжээ.


Шатахуун түгээх станцуудад зарах түлш огт байхгүй гэдгийг тус телевиз онцолсон байна. Хувийн сүлжээнээс гадуурх шатахуун түгээх станцуудын 80 орчим хувь нь хоосон байгаа аж. Сүүлийн хоёр сард байдал улам дорджээ. Байдал дордсоны нэг шалтгаан нь Атыраускийн газрын тос боловсруулах үйлдвэрт үүссэн хүндрэлтэй холбоотой байна. Зарим тооцоогоор, тус үйлдвэрийн буруугаас 20 мянган тонн дизель түлш, тэр хэмжээний бензин алдагджээ. Үүнээс гадна, шатах тослох материалыг хилийн чанад руу хууль бусаар гаргаж байгаа нь хямралын бас нэг шалтгаан болсон байна.


"2019 оны наймдугаар сард дизель түлшний хэрэглээ улс даяар 450 мянган тонн байсан бол 2021 оны наймдугаар сард 520 мянган тонн байв. Манай машинууд явахгүй байхад яагаад ингэж их өсөв? Бүх шатахуун хөрш орнууд гарч байна. Хилийн шатахуун түгээх станцуудаар дамжуулан том ачааны тэргээр “саарал экспорт” хийсээр байна” гэж “Petrosun” компанийн ерөнхий захирлын орлогч Нуржан Сартбай ярьжээ.


Асуудлыг шийдэхийн тулд том ачааны тэрэгнүүдэд түлш их хэмжээгээр цэнэглэхийг хориглох, дизель түлшний үнийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч болно гэж Казахстаны нефтийн салбарынхан үзэж байгаа аж. Дизель түлшний үнэ нэмэх асуудал бараг шийдэгджээ. Казахстанд дизель түлшний үнийг хөрш зэргэлдээ орнуудын үнэтэй тэнцүүлэхийн тулд аравдугаар сараас өсгөж магадгүй байна.


Холбоотой мэдээ