Газрын харилцааны 17 үйлчилгээг цахимд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-09-22 13:18:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-аас газрын харилцааны цахим үйлчилгээний egazar.gov.mn системийг хийж дууссан байна. Уг системийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан байна.


Уг системд газрын харилцааны 17 үйлчилгээг оруулсан байна. Тухайлбал, газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг гэрээсээ шууд хэвлэж авах боломжийг бүрдүүлжээ.


Энэ талаар ГЗБГЗЗГ-ын орлогч дарга М.Буяндэлгэр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Газрын гэрээ л гэхэд 3 хувь байдаг бөгөөд хувь бүр дээр Газрын албаны дарга, хэлтсийн дарга, мэргэжилтэн нар гарын үсэг зурдаг. Мөн кадастрын зураг дээр дээрх гурван хүн гарын үсэг зурдаг байсан. Нэг дүүрэгт сард ойролцоогоор 300 орчим иргэний гэрээг шийддэг бөгөөд дунджаар 2100 гарын үсэг зурдаг гэсэн үг. Үүнийг өөрчилж, QR кодод шилжүүлсэн. Ингэснээр иргэд гэрээ, гэрчилгээгээ QR кодтойгоор хэвлэн авах боломж бүрдлээ. Үүнээс өмнө газрын хэзээ гарын үсэг зурах, гэрээ хэзээ бэлэн болох зэрэг нь тодорхойгүй байсны улмаас иргэд Газрын албан дээр олон удаа очиж, дараалал үүсгэх асуудал гардаг байсан юм” хэмээв.

Холбоотой мэдээ